Хадгаламж зээлийн хоршоод: Өр дуусаагүй ээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Хадгаламж зээлийн хоршоод: Өр дуусаагүй ээ

Нэг үе монголчуудын бизнес сэтгэлгээнд хадгаламж зээлийн хоршоо гэх үг хүч түрэн орж ирсэн. Байгаа хэдэн төгрөгөө өсгөх мөрөөдөлд автсан иргэдийн мөнгө салхинд хийссэнээр тэдний хууль бус ажиллагаа илэрсэн юм. Үүнээс хойш иргэдийн сайхан мөрөөдөл мөнгөө олж авах тэмцлээр үргэлжилсэн. Тухайн үед хохирсон иргэдийн дунд 100 сая төгрөгөө алдсан 15 хүн байсан юм. Олонхи нь 1-5 сая төгрөгийн хохирол амсчээ. Иргэдэд хамгийн их хохирол учруулсан “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршоо 14 тэрбум 600 сая төгрөгийн өрөнд унасан. “Арилжааны банкуудын үйлчилгээнд хамрагдах боломжгүй олон мянган хүнд санхүүгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ” хэмээх уриатай хадгаламж зээлийн хоршоод санхүүгийн чанарыг бус санхүүгийн хямралыг дагуулав. Дэлхийд 40 мянга орчим хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Эдгээр нь 90 гаруй сая гишүүнтэй бөгөөд хөрөнгө нь 450 тэрбум ам.долларт эргэлддэг аж. Харин манай оронд 400 гаруй хадгаламж зээлийн хоршоо ажиллаж байсан талаарх баримт бий. Үүнээс ихэнх нь үүдээ барьж, одоо 20 гаруй нь л үлдээд байгаа аж. Эдийн засагчид дампуурсан шалтгааныг нь буруу төлөвлөлт, бодлого, үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.

ДУУДЛАГА ХУДАЛДАА ДАХИН ЗАРЛАНА
Хохирсон иргэд төрөөс мөнгөө нэхэж эхлэв. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос эдгээр газрын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгаж, тухайн байгууллага, хувь хүний хадгалуулах мөнгөний хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр өмнөх алдаагаа давтаж, гэнэтийн эрсдэлээс сэргийлэх боломжтой болно хэмээн тооцоолсон хэрэг. Хохирсон иргэдийн асуудал хэрхэн шийдэгдсэн, хохирол барагдсан эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагуудаар орсон юм. Санхүүгийн зохицуулах хороо нь энэ асуудалд голлох бодлогыг боловсруулж, хариуцдаг газар. Тэднээс энэ асуудлыг тодруулах гэсэн боловч “Холбогдох хүмүүс нь томилолтоор явсан” хэмээгээд хариулт өгөхийг хүссэнгүй.
Харин Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын хадгаламж зээлийн хоршоод хариуцсан мэргэжилтэнд энэ асуудлаар дуулгах мэдээ, мэдээлэл, тодорхой зүйл байхгүй гэв. Тус яаманд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын өрийг барагдуулах талаар баталсан хууль л байгаа талаар мэдээлэв. Уг хуулиар хохирогчдод эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр төрөөс 50 хувийг олгохоор заасан байдаг аж. Гэвч үнэн хэрэгтээ тэднийг алдсан мөнгөө төрөөс нэхэж, төр нь татвар төлөгчдийн мөнгөөр түүнийг нь барагдуулахаар болсныг тухайн үед эсэргүүцэх хүн олон байсан. Засгийн газар ч нийт хохирлын 50 хувь буюу 33 тэрбум төгрөгийг урьдчилан барагдуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр мөнгөө эргэн олж авах боломжтой гэж үзэж байсан. Тиймээс Засгийн газрын зүгээс 1088 хүнд 13 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Өнгөрсөн жил СЗХ-оос хадгаламж зээлийн хоршоодод шалгалт хийсэн. Энэ үеэр нийслэлд 99, аймаг орон нутагт 118 хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагаагаа явуулж байгааг илрүүлжээ. Түүнчлэн дээрх шалгалтын үр дүнд “Баруун отог”, “Анхдагч андууд” зэрэг ХЗХ-ны үйл ажиллагааг гурван сараар зогсоож, “Кооплун” аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг бүр­мөсөн хаасан байна. Харин энэ жил дахин шалгалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Дээрх асуудлын хэрэгжилтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хариуцдаг.  Тус газар хадгаламж зээлийн хоршоодын үндсэн хөрөнгө, зээлдэгчдийн хөрөнгө, үнэлгээ бууруулсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж хохирлыг барагдуулдаг аж. Харин тэднээс уг ажлын явц ямар байгаа, хэдий хэмжээний өр, төлбөр үлдээд буйг асуухад “Энэ талаарх дэлгэрэнгүй тоо баримт хэлэх боломж одоохондоо алга” гэв. Гэхдээ тэдний өгсөн мэдээллээр өнөөдөр “Гэр хорооллын барилгажилт”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Баян-Өндөр сан”, “Севен бойз”, “Европын хөгжил”, “Улаан загалмай”, “Бөөн цагаан нуур”, “Монгол торго”, “Цэн алт”, “Нью болор оргил”, “СИ М СИ”, “Глоб кредит”, “Нэмэгдэх -ундарга”, “Глоб кредит” зэрэг 20 гаруй ХЗХ өрийн асуудалтай байгаа аж. Эдгээр газрын үл хөдлөх хөрөнгийг үнэлж албадан дуудлага худалдаагаар оруулан заримыг нь худалдсан байна. Зарим тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн чанар муу зэрэг бэрхшээлийн улмаас өр барагдуулах үйл явц удааширч байгаа гэсэн тайлбарыг өглөө. Өнгөрсөн оны байдлаар тус газар  үл хөдлөх 20 объектыг 3.232.217.000 төгрөгөөр, 4204 хөдлөх хөрөнгийг 15.589.485 төгрөгөөр борлуулсан аж.  Одоогийн байдлаар “Гэр хорооллын барилгажилт”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Баян-Өндөр сан”, “Европын хөгжил”, “Нэмэгдэх-Ундарга” зэрэг зургаан хадгаламж зээлийн хоршооны 11 үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд дахин оруулахаар зарласан байна. Хэрвээ дээрх ХЗХ-нд харьяалалтай хөрөнгүүд зарагдвал хохирогчдын мөнгөний тодорхой хэсгийг олгох боломжтой болох ажээ.

“МӨНГӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА”
Иргэн Ш.Оюунцэцэг: -Миний хувьд “Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн хоршоонд дөрвөн сая төгрөгөө хадгалуулсан байсан. Одоогийн байдлаар мөнгөнийхөө тал хэсгийг ч авч чадаагүй байна. Анх тус хоршооныхон 3.5 хувийн хүү амлаж, богино хугацаанд мөнгөө өсгөх боломжтой гэж байсан. Үлдсэн мөнгөө олж авна гэсэн найдвар төрөхгүй л байна. Дөрвөн сая төгрөг гэдэг чинь жирийн иргэдийн хувьд тийм ч бага мөнгө биш шүү дээ. Үлдэгдэл мөнгөө эд зүйлээр ч болов авах боломж бий болов уу гэж л бодож сууна.
Иргэн Л.Эрдэнэцэцэг: -Би гурван жилийн өмнө таван сая төгрөгөө “Цэн алт” ХЗХ-д хадгалуулсан. Гэтэл нэг их удалгүй дампуурлаа зарласан. Ингээд мөнгөө олж авах гэж хөөцөлдөж эхэллээ. Өнөөдрийг хүртэл талыг нь л авч чадсан. Үлдсэн мөнгөө олж авна гэсэн итгэл байхгүй болоод байна. Зарим хүн юу ч авч чадаагүй гэж ярьж байна лээ. Бага мөнгө мэт сонсогдож магадгүй ч олон хүний хувьд өр тавиад, өсгөнө гэж хүнээс мөнгө зээлсэн бүх мөнгөө шавхаад өгчихсөн болохоор хэцүү байгаа.

Т.Урангэрэл, Ц.Энхцэцэг.
Зохиогчийн эрх:
 “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж