П.Оюунчимэг, Н.Ганбаяр нарыг нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

П.Оюунчимэг, Н.Ганбаяр нарыг нэр дэвшүүлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнээр нэр бүхий хүмүүсийг томилох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Холбогдох хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс П.Оюунчимэгийг, Улсын дээд шүүхээс Н.Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнээр томилуулах саналыг УИХ-д гаргасан байна. ХЭҮК нь орон тооны гурван гишүүнтэй ч хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс урьтаж дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлага тулгарсан байна.

Харин нэр дэвшигчийн тухай танилцуулахад,П.Оюунчимэг хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, 2001 оноос ХЭҮК-ын Ажлын албаны референт, 2005 оноос тус албаны даргаар ажиллаж байсан. Улмаар 2007 оноос ХЭҮК-ын гишүүнээр ажиллах болжээ. Н.Ганбаярын хувьд 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга, 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд, 1993-1999 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, 1999 оны зургаагаас арванхоёрдугаар сард Хууль зүйн сайдын зөвлөх, 1999 оны арванхоёрдугаар сараас хойш Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

 Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нэр дэвшигч  Н.Ганбаяртай холбогдуулан Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Үндсэн хууль зөрчсөн гэж Хүний эрхийн хөгжил төвийнхөн үзэж байгаа тул хүний эрхийн салбарт ажиллахад тохирох эсэх. Чухам ямар шалгуураар энэ албанд нэр дэвшүүлснийг  Улсын дээд шүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригоос асуусан юм. Тэрээр “Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцсон 15 шүүгчийн 100 хувийн саналаар төрийн албанд олон жил зүтгэсэн дадлага туршлагыг нь харгалзан Н.Ганбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Үндсэн хууль зөрчсөн асуудлыг мэдэхгүй” гэлээ.  

Ж.Батзандан гишүүний хувьд П.Оюунчимэгийг “ХЭҮК-т ажиллаж ирсэн туршлагатай,  хүний эрхийн хамгийн олон зөрчил гарсан 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын үеэр хүний эрхийн талд зогсож байсан” гэж тэмдэглээд одоо ч эл зөрчил арилаагүй байгаа тул тэдгээрийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм. Харин Р.Гончигдорж гишүүн “Н.Ганбаярын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд хүний эрхийн талаас нь хяналт тавьдаг прокурорын байгууллагад олон жил ажилласан, Улсын Бага хурлын гишүүн байхдаа хүний эрхийн чиглэлээр хууль тогтоомж боловсруулахад гар бие оролцсон хүний эрхийн сонгодог агуулга, хэм хэмжээг сайн мэддэг хүн тул дэмжиж байна” гэсэн бол Д.Лүндээжанцан гишүүн ч мөн байр суурь нэг болохоо онцолсон. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хоёр нэр дэвшигчийг дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Энэ асуудалтай холбогдуулж, ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор гишүүдээр санал хураалган дэмжиж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. УИХ-аас өнгөрсөн оны гуравдугаар сард Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Хуулийн хэрэгжих хугацааг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөхөөр заасантай холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, зайлшгүй авах шилжилтийн арга арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлагаар Засгийн газраас энэхүү төслийг өргөн барьжээ. Хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж