Өвөлжилтөд зориулж нэмэлт нөөц явуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Өвөлжилтөд зориулж нэмэлт нөөц явуулна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өвөлжилтийн талаар болон малчдад өгөх тусламжийн талаар мэдээлжээ. Өчигдрийн байдлаар нийт 18 аймгийн 97 суманд цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газартаа 60-130 см, нягт нь 0,25-0,42 г/см3 хүрснээс мал бэлчээрлэх боломжгүй буюу зудтай, цаашид цасны зузаан нэмэгдэж нягтарч хатуурвал 17 аймгийн 86 суманд цасны зузаан 10-19 см, нягт нь 0,20-0,24 г/см зудархуу байгаа ажээ.

Улсын хэмжээнд сумын аюулгүйн нөөцийн өвс 23.7 хувь, тэжээл 40.9 хувь, аймгийн аюулгүйн нөөцийн өвс 32.7 хувь, тэжээл 59.1 хувийн үлдэгдэлтэй, Архангай, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын сумын нөөц, Увс аймгийн аймгийн нөөц,  Завхан аймгийн аймаг, сумын нөөц дууссан байна. Нийт 45.470 толгой мал хорогдсон нь 2012 оны эцсийн малын 0.11 хувийг эзэлж байгаа бөгөөд хамгийн их нь Хөвсгөл /10277/, Архангай /7016/,Завхан /6300/ аймгууд байгаа аж. Дархан-Уул, Дорнод, Төв, Ховд аймгуудад зах зээлд борлуулах 6352.5 тн өвс, 2988 тн үйлдвэрийн тэжээл, 340 тн ногоон тэжээл байгааг аймаг, сумын аюулгүйн нөөцөө дууссан аймгуудад мэдэгдээд байгаа тухай албаныхан мэдээллээ. Тиймээс улсын хэмжээнд нэмэлт нөөц хүргүүлэхээр болсон байна.

2012-2013 оны мал өвөлжилтийн байдалтай холбогдуулан салбарынхан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн ажээ. Их цастай газруудад зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйгээс ажил бүрэн хийгдэж чадахгүй байна гэсний дагуу төв орон нутгийн чанартай зам, давааг байнгын нээлттэй байлгах зорилгоор тухайн орон нутагт байгаа орон нутгийн чанартай зарим зам, даваан дээр нэмж түрээсээр авч ажиллуулах техник, хэрэгслүүдийн талаар тооцоо судалгаа хийж шаардагдах нийт 219.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэн байна. Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудад газар дээр нь үнэлгээ хийсэн дүгнэлтийг үндэслэн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох УАЗ-31512 маркийн автомашин 16 ширхэгийг, Увс аймгийн онцгой байдлын хэлтэст ачигч трактор 1 ширхэгийг, 2010 онд бэлтгэсэн 5.6 мянган тн өвсийг үнэгүй, 11.9 мянган тн тэжээлийг 50.0 хувь хямдруулан худалдах, улсын нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах зардалд нийт  3.4 тэрбум төгрөгийг санхүүжилтийг шийдвэрлэсэн аж.

Харин малчдад туслах хүсэлт тавьж элгэвч, нэмнээ, хурганы уутны стандарт, хэмжээ, зөвлөгөө өгсний үр дүнд оёдлын үйлдвэрүүдээс 40.0 сая төгрөгийн тусламжийн бараа, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос 60.0 сая төгрөгийн тэжээлийг хүлээн аваад байгаа юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж