“Boeing 747” ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

“Boeing 747” ослын буулт хийжээ

АНУ-ын Хьюстон хотоос Английн нийслэл Лондон хотыг зорьсон Британийн агаарын тээврийн “British Airways” компанийн “Boeing 747” онгоц өчигдөр өглөө ослын буулт хийжээ. Нийт 138 зорчигч тээвэрлэж явсан “Boeing 747” онгоц ноцтой техникийн доголдлын улмаас Уэльсийн нийслэл Кардифф хотод  ослын буулт хийсэн байна.  “British Airways” компанийн зүгээс инженерүүд “Boeing 747” онгоцыг нислэгт гаргахын өмнө шалгахад ямар нэгэн гэмтэл, доголдол илрээгүй гэж мэдэгджээ. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.

“Boeing”-ийн онгоц ослын буулт хийсэн тохиолдол энэ сар гарсаар хоёр дахь удаагаа тохиолдоод байна. Үүнээс ердөө арав гаруй хоногийн өмнө Японы агаарын тээврийн  “All Nippon Airways” /ANA/ компанийн “Boeing 787 Dreamliner” онгоц техникийн доголдлын улмаас яаралтай ослын буулт хийсэн билээ. Тус онгоц 129 зорчигч тээвэрлэж явсан бөгөөд Ямагүчи Убэ нисэх буудлаас хөөрч, Токио хотын Ханэда олон улсын нисэх онгоцны буудалд газардах ёстой байсан ч Кагава мужийн Такамацу хотод буулт хийжээ. Компанийн зүгээс онгоц ослын буулт хийх болсон шалтгаан нь онгоцны аккумуляторт доголдол үүссэнтэй холбоотой байсан хэмээн тайлбарласан билээ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ, Япон, Чили, Энэтхэг, Этиоп болон Европын холбоо “Boeing 787” онгоцыг нислэг үйлдэхийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж