Уулзалтад АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн /БОНХ/ дэд сайд Б.Тулга, Усны Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Бадрах тэргүүтэй албаны болон ус судлаач эрдэмтэд оролцож байна.
Уулзалтаар усны чиглэлийн яам, агентлаг газруудын төрийн бодлого, хөтөлбөр болон энэ салбарт цаашид хийх зайлшгүй шаардлагатай ажлуудыг хэлэлцэх зорилготой юм. Мөн ард иргэдэд усны зарцуулалт, зохистой ашиглахад тулгамдаж буй асуудал, хамтран ажиллах зэргийг сурталчилан таниулах нь чухал байгааг онцолж байна.
Манай улсад усыг судалдаг эрдэмтэд болон судалгаа шинжилгээ, эрхзүйн баримтууд ч хангалттай байдаг гэнэ. Гэтэл усны чиглэлийн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа харилцаа муугаас боловсруулсан бодлого тодорхой амжилтад хүрдэггүй аж. Харин Шинэчлэлийн Засгийн газрын “Усны Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийх нэн тэргүүн ажил нь усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа харилцааг сайжруулан, хамтран ажиллахад орших гэнэ.
“Дэлхийн бусад орнууд усны хэрэгцээнийхээ 80 хувийг гадаргын, 20 хувийг гүний усаар хангадаг. Үүнийг хамгийн тохиромжтой баланс гэж үздэг аж. Харин манай улс энэ баланс урвуугаараа буюу гүний ус 80 хувь, гадаргын ус 20 хувьтай байгаа”-г энэхүү мэдээлэл солилцох уулзалтын нээлтийн үеэр Усны Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах хэлсэн юм. Цаашид энэ харьцааг тэнцвэржүүлэхийн тулд холбогдох судалгаа шинжилгээг хийн, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаагаа ч онцолсон юм.
Гүний усыг бас нэгэн ашигт малтмал гэж үздэг аж. Газрын гүний ус маш удаан хугацаанд нөхөн сэргээгддэг. Тиймээс гадны улс орнууд их хэмжээгээр хэрэглэхээр аль болох зайлсхийдэг байна. Энэ нь тухайн газар орныг цөлжих, унд болон хэрэглээний усны хомсдолоос урьдчилан сэргийлэх шилдэг арга болдог гэнэ. Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй ууд уурхайн компаниуд ихэвчлэн гүний усыг хэрэглэдэг. Тэдгээр компаниуд хоногтоо хэдэн маш их хэмжээний усыг ашигладаг. Гэтэл өнөөх цөлжиж буй газрын гүний усыг нь гадаадын томоохон уул уурхайн компаниуд ашиглаж байгаа нь монгол орны усны нөөц асар хурдан хугацаанд хомсдохыг “зөгнөж” байгаа аж.
Тухайлбал, Шивээ-Овоогийн уурхайн орчим нь тогтмол усгүй. Тиймээс хөрсөн доорх гүний усыг цооногоор авч, унд болон үйлдвэрлэлийн шат дамжлагад ашигладаг байна. Цооногоор секундэд дунджаар 5-13 литр ус ундардаг. Энэ байдлаар ашигласаар байвал 27 жилийн дараа гэхэд Шивээ-Овоогийн уурхайн орчмын гүний ус шавхагдаж дуусна гэх тооцоог гаргажээ. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Мардайн орд орчимд гадаргын ус байдаггүй. Хайгуулаар ойролцоох Улз, Сэвсүүл голуудад ундарга тогтоож, 20 км үргэлжлэх шугаман хоолойгоор дамжуулан хэрэгцээт усаа авч ашигладаг байна. Мөн нүүрсний хувьд олборлолтын дөрвөн үе шатанд ус шаардлагатай. Үүнд, нүүрс угаах, тоос дарах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, цахилгаан эрчим хүч болон ажилчдын хэрэгцээнд ус чухал хэрэгцээтэй. Нэг тонн нүүрс олборлоход 100-200 литр ус зарцуулдаг гэнэ.
Гэтэл манай улсад дээрх хоёр компанитай адилаар гүний усыг ашигладаг уул уурхайн компаниуд олон байдаг аж. Харин гадаргын гүний усны ашиглалтын албан татварыг нэмснээр уул уурхайн компаниуд гүний усыг хэрэглэхээс аль болох татгалздаг болгохоор төлөвлөсөн байна.