Эвслийн намуудын ээлжит тунирхал

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Эвслийн намуудын ээлжит тунирхал

-УИХ дахь МҮАН-ын гишүүдийн хувьд Засгийн газраас гарах гэж яарах нь үгүй. Тэдний хэн нь ч бай намын даргынхаа энэ үгэнд нэг хэсэгтээ л “тоормоз” барих болно-

Хамтарсан Засгийн газрыг байгуулсан цагаас эхлэн Н.Энхбаярын шүүх хурлаар “шантааж” хийж байсан МАХН-ын үе өнгөрч, МҮАН энэ байрыг нь залган хүчээ авч байх шиг байна. Өнгөрөгч ням гаригт ETV-д ярилцлага өгсөн МҮАН-ын дарга М.Энхсайхан “Төмөр замын асуудлаар санал зөрөлдсөнөөс болж танай нам Засгийн газраас гарах юм биш биз дээ?” гэсэн асуултад “Тийм” гэж хариулаагүй ч, бас шууд үгүйсгээгүй билээ. Харин үүнийхээ маргааш “МҮАН-ын гишүүдийн зөвлөлдөх уулзалт болж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар авч хэлэлцсэн” талаар мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн тун удахгүй МҮАН-ын бүгд хурлыг зохион байгуулах гэж байгаагаа Засгийн газрын тэргүүн, Ардчилсан намын даргад дуулгахаа мартсангүй.

М.Энхсайханыг уруулдаа зуусан энэ битүү үг Ардчилсан намын дарга болоод сайд нарт өгч байгаа “Аятайхан байхгүй бол Засгийн газрыг тараана шүү” гэсэн анхааруулга болохыг улстөрчид андахгүй. Гэхдээ үүн дээр М.Энхсайханд буруу өгөхөөсөө урьтаж, Ардчилсан намын сайд нарын гаргаж байгаа аяг аашийг санахад илүүдэхгүй.

Энэ сарын 10-нд ТӨХ-ноос гаргасан “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг ажлаас нь халах шийдвэрийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг өөрийг нь ажлаас халсан билээ. Харин М.Энхсайханы хувьд ТӨХ-ны даргад өөрийг нь халах хүсэлт гаргасан Зам тээврийн сайд А.Гансүхтэй ч, түүний араас гар хөлийг нь хөдөлгөж суудаг Х.Баттулгатай ч чацавхийлгүй өнгөрсөн нь “Н.Алтанхуяг, М.Энхсайхан хоёр ямар нэг тохиролцоо хийчихлээ. Бодвол хуучин албан тушаалаас нь илүү өндөр албан тушаал амласан биз. Хэрвээ тэгээгүй байсан бол М.Энхсайхан өдийд намаа аваад засгаас гарах байсан” гэх таамгийг дэвшүүлэхэд хүрсэн билээ. Харин одоо харахад хэрвээ тэд ямар нэг тохироо хийсэн бол тэр тохироо нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын царигийн асуудал байж болох юм. Учир нь М.Энхсайханы ажлаасаа халагдах болсон шалтгаан нь Тавантолгойн ордоос өмнөд хөрш рүү барих төмөр замын ажлыг яаравчлах, дээр нь уг төмөр замын суурь бүтцийг нарийн царигаар тавих гэснээс болсон билээ. Харин Зам тээврийн сайд А.Гансүх түүнийг “Засгийн бодлоготой тэрслэв” хэмээн ажлаас нь халж орхисон.

Уг нь бол хэрвээ өмнөх УИХ-аар баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого нь А.Гансүх сайдын хэлээд байгаа “Засгийн бодлого” мөн бол түүнд Тавантолгойн Сайншандыг дайруулан өмнөд хил рүү хүрэх төмөр замыг зүүн төмөр замын дараа буюу хоёрдугаар ээлжинд барина хэмээн тооцож, царигийн асуудлыг ч бас тухайн үед нь Засгйн газар УИХ-д оруулан хэлэлцэхээр болсон билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд үүссэн нөхцөл байдал, эдийн засгийн шахалт болоод зүүн төмөр замын ажил огт яваагүй байгаа зэргээс шалтгаалан өмнөд төмөр замыг эхний ээлжинд тавих саналыг “Монголын төмөр зам” компанийн захирал гаргасан байдаг. Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг МҮАН-ыг засагт үлдээхийн тулд ТӨХ-ны даргыг ажлаас нь халсан төдийгөөр М.Энхсайханыг хүчийг авч чадахгүй нь тодорхой. Тиймээс тэдний тохирсон асуудал нь өмнөд төмөр замын асуудлыг М.Энхсайханы талд шийдэх байсан байж магадгүй юм.

Гэвч өнгөрөгч бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “Өмнөд төмөр замыг эхний ээлжинд тавих нь зөв, гэхдээ Засгийн газраас өмнө боловсруулсан төлөвлөгөө ёсоор өргөн царигаар тавина” хэмээн шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл, маргалдагч хоёр тал болох Х.Баттулга, М.Энхсайхан нарын эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд чиглэлийг нь М.Энхсайханыхаа, царигийг нь Х.Баттулгынхаар явья гэсэн үг. Тэр ч байтугай Хөгжлийн банкнаас санхүүжилт хийхээр зөвшөөрөл олгосон 55 сая ам.доллар нь өмнөд төмөр замд биш, харин Сайншанд-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн төмөр замын бэлтгэл ажил, ТЭЗҮ боловсруулах, замын трастыг зурах энэ тэрд зориулахаар шийдвэрлэснийг эх сурвалж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөд төмөр замын ажлыг эхлүүлэхэд зориулсан санхүүжилтийг тодорхой зааж өгөөгүй байгаа. Энэ удаад Н.Алтанхуяг нь М.Энхсайханыгаа “гол гатлуулсан” гэсэн үг.

Тиймээс М.Энхсайханы хувьд энэ удаад “Засгаас гарч магадгүй” гэх үг нэлээд үндэслэл бүхий сонсогдож байгаа юм. Гэвч эв эвдрэвч элэг эвдрэхгүй гэдэгчлэн МҮАН Ардчилсан намыг хаяад засгаас гартал бас нэлээд юм болох биз. Хамгийн наад зах нь одоо УИХ-д байгаа МҮАН-ын гишүүд, Засгийн газарт байгаа цорын ганц сайд нь үүнийг дэмжихгүй л болов уу. Тийм гэдгээ ч өнгөрсөн зургаан сар гаруйн хугацаанд МАХН-ын дайралтыг зөөллөж, Шинэчлэлийн Засгийн газрыг ивж байсан хүч нь МҮАН байсан билээ. Хэрвээ МАХН-ын улс төрийн зөвлөл хуралдаад “Эвсэл засгаас гарлаа” гэсний маргааш М.Энхсайхан эвслийн удирдах байгууллагад ордог МҮАН-ынхныг цглуулсан бол яалт ч үгүй дийлэнх олонхийн хүчээр МАХН-ын талд асуудал шийдэгдэх байсан билээ. /Гэхдээ ч үнэн хэрэгтээ МАХН-д үнэхээр засгаас гарах хүсэл байсан уу, үгүй юу гэдэг одоо ч эргэлзээтэй л дээ. Яаж байж олж авсан хэсэгхэн бялууны билээ дээ/

Тиймээс одоо ч гэсэн УИХ дахь МҮАН-ын гишүүдийн хувьд Засгийн газраас гарах гэж яарах нь үгүй. Тэр тусмаа ирэх ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам хамтарч орох, эсэх асуудал сөхөгдөж байхад. Тэдний хэн нь ч бай намын даргынхаа энэ үгэнд нэг хэсэгтээ л “тоормоз” барих болно. Харин Ардчилсан намынхан энэ том эрх ашгаа олж харахгүй, нэг хоёр сайдыг ашиг сонирхол, амбицид хөтлөгдөж шийдлээ хийнэ гэвэл одоо яая гэх вэ. Өөрөө унасан хүүхэд үйлдаггүй гэдэг л болох байх даа.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж