“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдсан юм. Тус хуралдаанаар компанийн санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зардлыг бууруулах талаар тодорхой арга хэмжээнүүд авахаар шийдвэрлэсний зэрэгцээ зарим дэд захирлуудаа албан тушаалаас нь чөлөөлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” компани нь дөрвөн дэд захиралтай байснаа хоёрыг нь чөлөөлсөн юм байна. Үүнд тус компанийн дэд захирал Грейм Хэнкокийг ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлсэн. Мөн нэг монгол дэд захирлыг чөлөөлөөд байгаа юм байна. Хоёр дэд захирлын орны хүмүүсийг компанийн санхүүгийн байдал сайжиртал түр томилохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн компани өөр нэг түрээсийн байраа султгаж зардлаа хэмнэж эхэлжээ.
Сануулахад, “Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн онд 2,7 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 7 сая гаруй тонн нүүрс олборлох зорилт тавьсан байна. Энэ нь нүүрс олборлолтоо нэмэгдүүлснээр санхүүгийн хүндрэлээ давах бололцоо нээгдэнэ гэж Төлөөлөн удирдах зөвлөлөөс үзсэнтэй холбоотой аж. Мөн ТУЗ-ын хурлаас компанийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, төсвийг үр ашигтай зарцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ олон худалдан авагчдад зах зээлийн үнээр зарах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг компанийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Г.ДАРЬ