“Цодгор хүү” тэмцээнийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын аварга, шатрын спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2013” тэмцээн маргааш Монголын хүүхдийн ордонд болно. Тэмцээнд долоо хүртэлх, 8-9 нас, 10-11 насны охид, хөвгүүдийн 160 өсвөрийн шилдэг тамирчин оролцоно. Тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн I-IX байрт эзэлсэн болон 21 аймгаас нас бүрт шалгарсан аваргууд оролцох юм. Тухайлбал, Азийн аварга Е.Төгстөмөр, дэлхийн аваргад амжилттай оролцсон Э.Баасансүрэн, мөн Азийн сурагчын аварга С.Чингүүн, энэ оны Улаанбаатар хотын дэд аварга О.Чингүүн, нэгдүгээр сургуулийн Г.Амартүвшин, Багануур дүүргийн Б.Удвал зэрэг өсвөрийн шилдэг шатарчид хоёр өдрийн турш оюун ухаанаа уралдуулах нь ээ.
Тэмцээн швейцарь системээр найман өрөг (45 минут) тоглож аваргууд нөгөөдөр (01.31) тодорно.
Ч.БОЛ