Дэлхийн банкны эдийн засагч Захид Хаснайн өнөөдөр “Төстийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Дэлхийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Корали Геверс ажилтнуудынхаа хамт оролцсоны дээр Монголын эдийн засагчид болоод Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яамны ажилтнууд оролцсон юм. Эдийн засагч Захид Хаснайн уул уурхайд түшиглэн хөгжиж буй манай орны хувьд хамгийн ихээр анхаарууштай зүйл нь өсөн нэмэгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд хандуулснаар урт хугацааны ашиг болон үлдэнэ гэсэн санааг дэвшүүлсэн юм. Урьд өмнө нь уул уурхайгаас олсон ашгаа хишиг хувь болгон тараах нь аюултай талаар дотоод гадаадын олон эдийн засагч хөндөж байсан. Тогтворжуулалтын сан байгуулан эрсдэлтэй үед ашиглах нь зүйтэй хэмээн зөвлөсөн нь бий. Харин Захид Хаснайн хувьд уул уурхайгаас олсон ашгаараа дэд бүтцээ бодлоготойгоор хөгжүүлэх, ингэхийн тулд нийслэл хотоо санхүү, эдийн засгийн хувьд бие даалгах, гадаадын ажиллах хүчнийг татах зэрэг асуудлыг хөндөн тавьснаараа онцлог байсан юм. Өнөөдөр манай улсын хүн амын 45 хувь нь нийслэлдээ ажиллаж амьдарч байгаа. Хойшид ч энэ тоо өсөх магадлалтай. Гэтэл хүн амын хэт төвлөрлөөс нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж, замын түгжрэл үүсч байна гэж үздэг. Харин эдийн засагч Захид Хаснайн хүн ам өсөхөөс бүү ай хэмээн зөвлөж байна. Дээрх бүх бэрхшээл хүн ам олширсноос бус хотоо алсын бодлогогүй хөгжүүлж байгаатай холбоотой гэж тэрээр хэлсэн.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн тоо олон ч үр дүн муу байгааг мөн онцолжээ. Үр дүн муу байгаагийн шалтгааныг ажил хариуцсан мэргэжилтнүүдийн хүрэлцээ, ур чадвартай холбон тайлбарлав. Сүүлийн найман жилийн хугацаанд хөрөнгө төсөв 25 дахин нэмэгдсэн ч хөрөнгө оруулалтын хэлтсийн ажилтны тоо үургаа байснаа долл болон өссөн гэсэн хошин гэмээр мэдээг дуулгав. Үнэндээ мэргэжилтнүүд төсөл хөтөлбөр дундаа төөрч суугаагаас бус хэрэгжилтийг нь хянах, чанарыг сайжруулах зав зай олдохгүй байгаагаас төсөл хөтөлбөрүүд цаасан дээрх шигээ сайн сайхан хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлтийг дэлхийн банкны эдийн засагч хэлж байна.
Д.ЦЭЭПИЛ