Өмнөговь
аймгийн Цогтцэций суманд олон улсын жишигт нийцсэн, боловсролын орчин
үеийн томоохон цогцолбор байгуулагдаж, өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийлээ.
Орон нутагт байтугай нийслэл хотод ховорхон олж харахаар өндөр түвшний
тохижилт, шийдэлтэй энэхүү цогцолборыг Өмнөговь аймгийн ЗДТГ болон
Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани хамтын
хөрөнгө оруулалтаар байгуулсан юм байна. Шинэ цогцолбор нь “Мөрөөдөл”
гэх ерөнхий нэртэй бөгөөд 640 хүүхдийн дунд сургууль, 144 хүүхдийн
цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий иж бүрэн байгууламж болжээ.
Төрийн өмчит сургууль гэдэг утгаараа “Мөрөөдөл” цогцолборыг Өмнөговь
аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 6-р дунд сургууль ба 7-р
цэцэрлэг гэж нэрлэдэг юм байна. Барилга байгууламжийн хувьд нэн орчин
үеийн, дэвшилттэй болсноос гадна сургалтын менежментийн хамгийн орчин
үеийн аргачлал нэвтэрсэн, англи хэлийг эх хэлний түвшинд эзэмшүүлэх
хөтөлбөртэй, нэг ээлжээр хичээллэдэг, хичээлээс гадуурх хөтөлбөр,
дугуйлангийн сургалттай гээд шинэ сургууль, цэцэрлэгийн давуу тал асар
олон. Боловсролын чанар, хүртээмж харьцангуй сул байдаг хөдөө, орон
нутагт ийнхүү стандартын өндөр шаардлага хангасан, орчин үеийн цогцолбор
байгуулагдсанаар чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, аймаг,
сумдын хөгжлийг түргэтгэх бодитой суурь тавигдаж байна.
Шинээр байгуулагдсан “Мөрөөдөл” цогцолборын онцлогоос:
- 720 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байртай
- 30 хүртэлх хүүхдийн анги дүүргэлттэйгээр 1-12-р ангийн 24 бүлэг
хичээллэнэ. 12 жилийн сургалтаар бага, суурь, бүрэн дунд боловсрол
олгоно. - Олон ээлжээр дараалж хичээллэх бус нэг ээлжийн сургалттай учир хүүхэд нэг бүрт хүртэх сургалтын чанар маш өндөр.
- Англи хэлийг эх хэлний түвшинд эзэмшүүлэх тусгай хөтөлбөртэй
- Барилгын хөрөнгө оруулалт 6.9 тэрбум төгрөг, үүнээс 44% буюу 3.1
тэрбум төгрөгийг Өмнөговь аймгийн төсвөөс, 56% буюу 3.8 тэрбумыг Энержи
Ресурс ХХК санхүүжүүлсэн. - Чанартай сургалтын орчныг бүрэн бүрдүүлсэн:
- Зориулалтын дагуу тоноглогдсон анги, танхим, лабораториуд
- Бүрэн тоноглогдсон спорт заал
- Урлагийн тоглолтын талбай
- Дотор амралтын талбай
- Уншлагын заал бүхий номын сан
- Интернет сүлжээ
- Хооллох танхим
- Байгалийн гэрэлтүүлэг, нарны энергийг ашиглах дулааны хэмнэлтийн шийдэлтэй
- Дохиолол, хамгааллын орчин үеийн системтэй
- Шал, хаалга, сургалтын тоног төхөөрөмжүүдийг дэлхийд танигдсан, хүүхдэд ээлтэй, сургалтын зориулалтын материалаар бүрдүүлсэн.
Тэрчлэн Энержи Ресурс компани ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг цогцоор
шийдэж, гэр бүлээрээ орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах
нөхцлийг бүрдүүлэх үүднээс Цэций нэртэй орон сууцны хорооллыг барьж
байгуулж байгаа бөгөөд одоогоор нийт 200 гаруй айл өрх Цэций хороололд
суурьшиж, бүрэн тавилгатай тохилог орон сууцанд төвхнөөд байна.
Шинэ
цогцолборын нээлтэнд оролцож, үйл ажиллагаатай нь дэлгэрэнгүй танилцсан
албаны болон мэргэжлийн хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байлаа:
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр:
- Нийгэм,
эдийн засгийн хөгжил, хүн амын шилжин суурьшилтаа дагаад манай
Өмнөговийн хэмжээнд шинэ сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага маш
өндөр байгаа. Энержи Ресурс компани энэ хэрэгцээг соргогоор мэдэрч,
манай аймгийн ЗДТГ-тай хамтраад ийм том хэмжээний цогцолбор байгуулж
өгсөнд бид маш их баяртай байна. Ирээдүйд Өмнөговь аймаг байгалийн
баялгаа зөв залж, ашиглаж, үр шимийг нь хүртэхэд чадварлаг, боловсролтой
иргэд хамгийн чухал. Энэ утгаараа бид шинэ сургууль, цэцэрлэгийн ач
холбогдлыг их өндрөөр харж байгаа. Аймагтаа битгий хэл улсдаа жишиг
болохуйц цогцолбор болсон байна. Цаашид бусад компаниуд ч гэсэн энэ
жишгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс, аймгийнхаа хөгжилд бодитой
хөрөнгө оруулалт хийдэг болох байх гэж найдаж байна.
“Мөрөөдөл” цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэсэн М-Си-Эс Проперти компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир:
- Орон нутагт байгуулагдаж байгаа боловсролын томоохон байгууламж
гэдэг утгаараа бид барилгын шийдлийг цогцоор нь гаргасан. Сургууль,
цэцэрлэгийн барилга нь спорт зал, хоолны танхим, дотуур байр, ногоон
байгууламж, амралтын талбай гэх мэтчилэн бүхий л зүйлстэйгээ цогц юм.
Мөн орон нутгийн цаг уурын онцлогийг харгалзаад дээвэр нь нарны
хавтангуудтай, нарны энергиэр эрчим хүч, дулааны хэмнэлт гаргахуйц
байхаар шийдсэн. Шал нь л гэхэд хүүхэд халтирч унахаас сэргийлсэн франц
технологитой, хаалга нь гэхэд олон хүүхдийн гарын ая даахуйц, герман
хаалгануудыг суурилуулсан байгаа. Барилгын ажил 1.2 жил буюу маш богино
хугацаанд явагдсан. Дотоодын нийт 10 орчим туслан гүйцэтгэгч компани
барилгын ажилд оролцлоо. Барилгын төлөвлөгөө, зургийг гаргахын тулд бид
гадаадаас тусгайлан туршлага судалж, их олон зүйлийг харгалзаж үзсэн.