Өнөөдөр төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Өнөөдөр төрийн ордонд

Төрийн ордонд өнөөдөр болох байнгын хороодын ажлын хэсэг, намын бүлгүүдийн хуралдаан, хэлэлцэх асуудлын тоймыг хүргэж байна.
УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Ардчилсан намын бүлэг 10.00 цагаас “Б”  танхимд хуралдана.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас  “В” танхимд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто замын ажлын үнийн зөрүүгийн талаар судалгаа, тооцоо гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдах юм байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “А” танхимд,  Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдуулахаар зарлаад байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж