“Эрүүл мэндийг дэмжих төв” ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэндийг дэмжих төв” ажиллана

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар шинэ байртай болж иргэдийн эрүүл мэндийг дэмжих төв болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо. Эрүүл мэндийг дэмжих төвийн шинэ барилгыг улсын төсвийн 786 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын “ААББ” ХХК хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

Өдгөө төрийн алив байгууллагын албан контор барихыг улсаас дэмжихгүй байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газар ажил үйлчилгээгээ шинэ тохь тухтай орчинд явуулах, үйл ажиллагаагаа өргөтгөх үүднээс иргэдийн эрүүл мэндийг дэмжих төв болж ажиллахаар саналаа уламжилсан нь ийн ажил хэрэг болсон байна.

Аймгийн Эрүүл мэндийн газар нь 1938 онд эмнэлгийн хэлтэс нэртэй байгуулагдсанаас хойш 1960 онд Эрүүлийг хамгаалах хэлтэс, 2000 оноос Эрүүл мэндийн газар нэртэй үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гэсэн байргүй, аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ байрлаж иржээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор Р.Байгалмаа, “Эрүүл мэндийн газар шинэ байртай болсон нь Хэнтий аймгийн 70 мянган иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байна” гэж онцолсон. Аймгийн Эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гол зорилтоо болгож, шинэ байрныхаа сургалтын хоёр зааланд эрүүл мэндийн сургалт, хичээлийг явуулах бүрэн боломжтой болжээ. Сургалт явуулах сургагч багш нар, сургалтын гарын авлага, техник хэрэгслийг бэлтгэхэд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас тусалсан байна. Тус байгууллага өнөөдөр ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эрүүл мэндийн газарт Пургон автомашин, электрон самбар нийлүүлж дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн аймгийн Засаг даргын тамгын газар сургалтын өрөөнүүдийг тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж нэг сая төгрөг хандивлав.

Эх сурвалж: www.khentii.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж