“Хаях би яараагүй байхад унах чи юундаа яарав”, “Монголын үндэсний бөхийн бага нэвтэрхий толь”, “Алтан олимпийн мөнгөн дурсамж”, "Сүмод шингэсэн Монгол хөлс", "Монгол бөх Гиннест", “Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд”, “Олимпод өртөөлсөн он жилүүд”, “Бөхийн чөлөөт барилдаан” гээд Монголын спортын дууч гэгддэг сэтгүүлчид маань үе үедээ их спорт, үндэсний өв соёлоо номын хуудаснаа бичиглэн буулгаж иржээ.
Спортын төв ордонд болсон номын баяр, хүндэтгэлийн уулзалтад Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч С.Түвдэнням болон спортын сэтгүүлзүйн салбараас төрсөн Соёлын гавьяат зүтгэлтнүүд болох Р.Чулуун, А.Баярмагнай, С.Зэвсэг, Ж.Отгонцагаан, ахмад идэвхтэн бичигч Б.Авирмэд, Л.Тогоохүү, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Өлзийсайхан, сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрах, “Таван цагариг” сонины сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ, сэтгүүлч, тайлбарлагч Б.Батзаяа, “Таван цагариг” сонины сэтгүүлч Б.Өлзийтогтох нарын ном бүтээж туурвисан үе үеийн спортын сэтгүүлчид оролцлоо. Монголын спортын сэтгүүлчдээс 30 гаруй сэтгүүлч спортын болон спортын оддын тухай ном, товхимол хэвлүүлсэн байдаг ажээ.
Хүндэтгэлийн уулзалтын үеэр Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, сар шинийн баярын бэлэг, тавгийн идээ гардуулсан юм.