“Бүлэгт мэдээлэл хийхгүй бол хариуцлага хүлээлгэнэ”

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

“Бүлэгт мэдээлэл хийхгүй бол хариуцлага хүлээлгэнэ”

Шинээр байгуулагдсан парламентийн бүлгүүд өнөөдөр анх удаа нээлттэй хуралдлаа. Ингэхдээ Ардчилсан намын бүлэг Улаанбаатар хотын даргын мэдээллийг нээлттэй сонссон бол МАН-ын бүлэг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээллийг сонслоо.

Талх, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай холбогдуулан цаг үеийн, мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргэж байгаа тусламж, тус яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сонслоо. Мэдээллийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан болон албаныхан өгсөн юм.

МАН-ын гишүүн Д.Лүндээжанцан “Мах болон гурилын үнэ өсч байхад харьяа яамныхан нь үнэ өсөөгүй гээд өөр тоо хэлээд сууж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр зөвхөн гурилын үнэ хэд хэдэн удаа нэмэдгсэн. Тодруулбал, нэг кг гурил 1300 төгрөг байснаа шат дараатайгаар нэмэгдэж, 2000 төгрөг болсон, Солонгос гурил 2000 төгрөг байснаа 2200 төгрөг болж байна. Энэ бол би өөрийн биеэр үзсэн бодит жишээ. Гэтэл та бүхэн гурил, махны үнийг бууруулж байгаа гэсэн мэдээллийг өөгөөд байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсэе” гэлээ.

МАН-ын гишүүд мэдээллийг сонсч, өвөлжилт хүндэрсэн аймгуудад цаг алдалгүй арга хэмжээ авч, махны үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцөлж буй нөөцийн махны бүрдүүлэлтэд анхаарал хандуулах. Мөн нөөцийн мах жижиглэнгээр худалдаалагдахдаа иргэдэд нэмэгдэл үнэтэйгээр хүрч байгааг анхаарч ажиллахыг санууллаа.

Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бүлгийн хуралдаанд мэдээлэл сонсохыг хүссэн бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам бүх мэдээллээ цаасаар өгөх ёстой. Гэтэл цаасаар өгсөнгүй. Мөн Х.Баттулга сайдыг өөрийн биеэр ирж мэдээлэл өгөөч гэсэн боловч ирсэнгүй. Цаашид бид олон мэдээлэл сонсоно. Энэ үед Х.Баттулга сайд өөрийн биеэр ирэх байх гэж бодож байна. Хэрэв МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу мэдээлэл хийхгүй, олон удаа ирэхгүй байвал бид хариуцлага тооцох системийн дагуу арга хэмжээ авна” гэлээ.

УИХ дахь намын бүлгийн хуралдаан УИХ-ын чуулганы хуралдааны адил чухал шийдвэр гаргадаг, хэлэлцдэг хуралдаан. Гэтэл ийм чухал хуралдаанд, тэр дундаа сөрөг хүчин болох МАН-ынханд хүсэлт гаргасан сайд нь мэдээлэл хийхгүй байх нь хариуцлага алдсантай адил хэмээн МАН-ын гишүүд үзэж байна гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж