Бангладешийн нийслэл Дака хотын Мохаммадпур дүүрэгт орших “Smart Fashions Ltd” компанийн хувцасны үйлдвэрт гал гарснаас долоон эмэгтэй ажилчин амь үрэгджээ. Галын улмаас олон тооны ажилчид угаартаж, гэмтэж бэртсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Бангладешийн албаныхны мэдээлснээр гал гарах үед ажилчид яаран сандралдан, нэг давхарт байрлах гарах хаалгаар гарахыг оролдсон ч хаалга түгжээтэй байсан аж. Үүний зэрэгцээ 300 гаруй ажилчидтай энэ үйлдвэрт галын аваарын дохиолол, гал унтраах хэрэгсэл ч байхгүй байсан гэнэ. Дака хотын гал түймэртэй тэмцэх, иргэнийг хамгаалахын дарга Махбудур Рахманы мэдээлснээр тус үйлдвэр нь хууль бусаар баригдсан барилгад үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тус барилгад ямар нэгэн аврах гарц байхгүй байжээ. Одоогоор цагдаа нар ослын шалтгааныг тодруулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан үйлдвэрийг эзнийг баривчлахаар эрэн сурвалжилж байгаа юм байна.
Дээрх хэргээс нэг сар орчмын өмнө мөн нийслэл Дакад орших “Tazreen Fashions Ltd” компанийн хувцасны үйлдвэрт гал гарч, 112 хүн амь үрэгдсэн юм. Тухайн үед Бангладешийн албаныхан хувцасны үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан аж. “ВВС”-гийн мэдээлснээр Бангладешид ойролцоогоор 4500 хувцасны үйлвэр ажилладаг бөгөөд хувцасны худалдаа нь тус улсын экспортын 80 хувийг эзэлдэг байна.
Б.АНХТУЯА