’’Болд төмөр Ерөө гол’’-ын ард Н.Энхбаяр бий юү?

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

’’Болд төмөр Ерөө гол’’-ын ард Н.Энхбаяр бий юү?

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төмрийн хүдрийн уурхайн нөөцийг дор хаяж 110 сая тонн гэж төрийн бус байгууллагынхан ярьдаг юм билээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд олборлосон төмрийн хүдрээ хүнд даацын автомашинаар Дулаанхааны өртөө рүү зөөж, тэндээсээ БНХАУ руу гаргадаг. Хүнд даацын автомашинаар тоос бужигнуулан тээвэр хийх нь явцгүй гэж үзээд төрөөс хоёр жилийн өмнө хувийн компанид төмөр зам тавих эрх олгосон. Энэ эрхийг авсан компани бол "Болд төмөр Ерөө гол". Тус компани Монголд олон зүйлийн анхдагч юм. Хувьдаа төмөр замын охин компанитай. Эдийн засгийн хямралын үеийг ажралгүй хувийн хэвшлийн анхны төмөр замыг бариулж, эхний хэсгийг нь ашиглалтад оруулж амжжээ. Өөрийн төмөр замаараа төмрийн хүдэр зөөх 2000 вагон худалдаж авсан үзүүлэлтээр хур хөрөнгөтэйд тооцогдож байгаа гэнэ. Сэлэнгийн тухай яриа бүрт нэр нь дуулддаг "Болд төмөр Ерөө гол" компани хэний мэдлийнх вэ.

ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН МОНГОЛ ЭЗНЭЭР Н.ЭНХБАЯР ТОДРОВ

"Болд төмөр Ерөө гол"-ыг "Дорнын говь" компанийн охин компани гэх яриа бий. Гэвч үйл ажиллагаа, хөрөнгө чинээг нь харахад аль нэг компанийн охин гэхэд доромжилсон болох биз. Гэхдээ нийслэл дэх оффис нь "Дорнын говь" компанийн байранд байдаг юм билээ. Хятад, Монголын хөрөнгө оруулалттай тус компани нь 2001 оны аравдугаар сард байгуулагджээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Баянголд 1406 га талбайд ашиглалт хийх тусгай зөвшөөрлийг 2004 онд авсан баримт ч бий. Улмаар хайгуул хийж 2007 оноос төмрийн хүдэр олборлон баяжуулж, БНХАУ-д экспортолж эхэлсэн аж. Гадны хөрөнгө оруулалттай бусад компанитай харьцуулахад багагүй хөрөнгө хаяж ажлаа эхлүүлсэн нь ажиглагдана. Тухайлбал, 2004-2007 онд геологи, хайгуулын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн төмрийн ил уурхайг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд Ерөө, Буганттосгоны төвийн эрчим хүчний 110 кВт-ын шугамаас салаалан Баянголын тосгон хүртэл долоон км дэд станцыг 800 сая төгрөгөөр, 16 км сайжруулсан шороон замыг 1.3 тэрбум төгрөгөөр тавьжээ. Баянгол тосгоныхон хоёр жилийн өмнө Мобикомын гар утас хэрэглэх болсон нь ч тус компанийнхны гавьяа гэнэ.
"Болд төмөр Ерөө гол" компанийн техник, эдийн засгийн үзүүлэлтэд дурьдсанаар үйлдвэрлэлийн нийт хөрөнгө оруулалтад 179 тэрбум төгрөг, ашиглалтын жилүүдийн дундаж зардалд 114.7 тэрбум төгрөг, борлуулалтын орлого 143.7 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Үйл ажиллагааныхаа эхний найман жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхнө гэж үзсэн байна.

Байгаль хамгаалдаг төрийн бус байгууллагынхан болон нутгийнхан "Болд төмөр Ерөө гол" компанийн Монголын талын нууц эзнээр нь Н.Энхбаярыг тодруулав. "Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг хялбархан авсан.
Харин Ерөнхийлөгч асан төрийн бус байгууллага байгуулж, малчдад багагүй тусламж тараасан нь дээрх компанийн хаялага" гэж хардах нэгэн ч байсан. Ямартай ч олны яриагаар ноён Н.Энхбаяр "Болд төмөр Ерөө гол" компанитай холбоотой байж мэдэх юм. Гэхдээ бид энэ удаа баталж чадаагүй. Харин тус компанийн Монголын талын албан ёсны захирлыг Б.Дэлгэрсайхан гэдэг. Сэлэнгэ аймгийн уугуул нэгэн гэнэ лээ. Төмер зам хариуцсан компанийнх нь захирал Н.Сүхээ гэдгийг ерөөгийнхөн хэлсэн.

ХУВИЙН ТӨМӨР ЗАМДАА 200 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

Төмөр замын ажилтны өгсөн мэдээллээр "Болд төмөр Ерөө гол" компани өнгөрсөн онд 930-аад мянган тонн төмрийн хүдрийн ачилт хийж, БНХАУ руу экспортолжээ. Энэ тоо жил ирэх бүр өсөх магадлалтай. Тиймээс олборлосон хүдрээ зөөх, "хувийн" төмөр замтай болохоор зорьсон аж. Зорилгыг нь Монголын төр бүрэн дэмжиж, Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Суурь бүтэц гэдэгт төмөр замын шугамын дээд, доод бүтэц, гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг багтдаг. Ер нь төмөр замтай холбоотой бүх зүйл, түүгээр дамжин өнгөрүүлэх тээвэрлэлт төмөр замын суурь бүтцэд хамаардаг байна.

Өөрөөр хэлбэл, хүдэр зөөхөөр баригдаж буй дээрх төмөр зам нь "Болд төмөр Ерөө гол"-ын "вант улс" болох нь. Монголын төр ийм вант улс байгуулах зөвшөөрлийг өгөөд зогсохгүй, ажилчдынх нь асуудлыг шийдэж өгчээ. Тодруулбал, хоёр жилийн өмнө тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн баримт байна. Дээрх төмөр замын эхний хэсэг өнгөрсөн намар ашиглалтад оржээ. Хоёр зөрлөг, нэг өртөөг байгуулахад 200 гаруй сая ам.доллар зарцуулсан гэнэ. Үлдсэн хэсгийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

ВАНТ УЛСДАА 2000 ВАГОН ХУДАЛДАЖ АВАХААР БОЛЖЭЭ

"Болд төмөр Ерөө гол" компанийнхан энэ онд Хятадаас 2000 вагон худалдаж авах гэрээ байгуулжээ. Өнгөрсөн онд ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг. Уг вагон нь бүдүүн царигтай. Харин шинээр авах вагон нь нарийн царигтай. Гэрээнд заасны дагуу эхний ээлжинд 700 вагон худалдаж авчээ. Үүнийгээ Эрээнд угсарч төвлөрүүлээд Монголд авчирч байгаа аж. Энэ вагон нь Монголд ашиглаж байгаа вагонтой харьцуулахад стандарт хэмжээ нь адилхан ч, бүтэц нь өөр гэнэ. Өөрөөр хэлбэл, эвдрэл гэмтэл гарвал, Хятадаас сэлбэг төхөөрөмж зөөх, засварчин урих шаардлага гарна. Вагоныг зааврын дагуу ажиллуулахад хятад хэл мэддэг төмөр замчин эсвэл багш хэрэгтэй болох аж. Иймээс "Болд төмөр Ерөө гол"-ын вант улсад эхний хэдэн жил хятад ажилчид ажиллахаас өөр аргагүй гэдгийг эх сурвалж хэлэв.

ШИРЭМ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

Тус компани энэ онд Дулаанхааны тосгонд 500 мянган тонн ган ширэм хайлах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийнхээ дэргэд төмрөөр эцсийн бүтээгдэхүүн хийх жижиг, дунд үйлдвэрүүд ч байгуулна. Ингэснээр Монгол Улсын хар металл хийцийн дотоодын хэрэгцээг тус компани бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа аж. Уг төслийн нийт өртгийг 185-190 сая ам.доллар гэж тооцжээ.

НУТГИЙНХАН ДУНДАА НЭР НӨЛӨӨТЭЙ АЖ

"Болд төмөр Ерөө гол"-ынхны тухай нутгийн иргэдээс сураглалаа. Сарын өмнө компанийн уурхайн жалганд тогтсон мөсөн дээр гурав таван настай хоёр охин осолдож нас барсан муу мэдээг эс тооцвол нутгийнхан нь ам сайтай юм. Ерөө сумын байгалийг хамгаалахаар нэгдсэн "Ардын элч" төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар зөвшөөрсөн ганц компани л гэнэ. Ерөөд 154 ажлын байр бий болгосон амжилтаар өнгөрсөн онд тэргүүний компани болсон л гэнэ. Ядарсан нэгэнд гэр өгсөн, тамирчин, малчин, төрийн албан хаагчдад 370 гаруй сая төгрөгийн хандив өргөн барьсан л гэнэ.

Монгол ажилчид нь сард 200-600 мянган төгрөгийн цалин авдаг тус компанийнхан зудад нэрвэгдсэн малчдад 20 сая төгрөг бэлэглэсэн юм байх. Энэ мэт таатай, сайхан мэдээг нутгийн иргэд дуулгаж байв. Харин Сэлэнгэ аймгийн удирдлагууд "Болд төмөр Ерөө гол" компанитай холбоотой мэдээллийг ихэд нууцалж байв. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Санжжаваас компанийн үйл ажиллагаа, удирдлагуудынх нь талаар тодруулахаар утсаар холбогдоход "Ямар зорилгоор, юу бичих гэж байгааг чинь мэдэхгүй. Тэр компанийн талаарх мэдээллийг хамаагүй хүнд өгч болохгүй" гэв. Компанийн талаарх энгийн мэдээллийг нууцлах даалгаврыг аймгийн удирдлагуудад хэн өгсөн нь сонирхол татсан хэвээр үлдэв. Юутай ч "Болд төмөр Ерөө гол" компани хөрөнгө чинээгээрээ Ерөөд "Вант улс"-аа байгуулж дөнгөжээ. Харин Хятадын хөрөнгө оруулалттай баян компани хэний оролцоотойгоор эрх мэдлээ дархалсан бэ гэдгийг уншигч танд үлдээе.

Б.Цэцэгдэлгэр.

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж