Иргэд 7800 төгрөгийн үнэтэй мах идэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Иргэд 7800 төгрөгийн үнэтэй мах идэж байна гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өвөлжилт хүндэрсэн аймгуудын талаар болон хүнсний бүтээгдэхүүнийн үнийн өсөлттэй холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааны мэдээллийг нээлттэй сонслоо. Уг нь бүлгийн гишүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг хуралдаандаа урьсан юм байна. Гэвч сайд Х.Баттулга өнөөдөр өглөө Төв аймгийг зорьсон тул бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй болжээ.

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдын мэдээллээр бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр 780 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүний тодорхой хэсэг нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай холбогдоно. Тухайлбал, гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 61 тэрбум төгрөгийг, махны үнийг тогтворжуулах зорилгоор 81 тэрбум төгрөгийг тус бүр аж ахуйн нэгжид зээл хэлбэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгожээ.

Махны нөөц бүрдүүлэхэд “Жаст” компани ганцаараа шалгарсан байна. Тус компани Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж нийт 12 мянган тонн мах нөөцлөх ёстойгоос одоогийн байдлаар 9000 тонныг нөөцөлж, зооринд хураажээ. Мөн тус компани Эрдэнэт, Дархан-Уул аймгуудын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор тус бүр 1000 тонн мах бэлтгэсэн байна. Нөөцийн махыг Улаанбаатар хотод “Мишээл экспо”, “Аса” цирк, “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний төвүүдээр дамжуулж худалдан борлуулж эхэлсэн. Ингэхдээ үхрийн махыг өрөөлийг нь нэг кг-ыг нь 5700, хонины махыг гулуузаар нь нэг кг-ыг 5200, ямааны махыг 4200 төгрөгөөр тус бүр борлуулж байгаа бол жижиглэнгийн үнэ нь нэг кг үхрийн мах 5950, хонь 5750, ямааны мах 4600 төгрөгөөр борлуулагдаж буй аж.

Гурил тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл хэлбэрээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олгосон. Гурилын үнийг нэгдүгээр зэргийнхийг 550 төгрөгөөс дээш гаргахгүй байх гэрээ байгуулсан. Энэ үнэ тогтвортой хадгалагдаж байгаа гэж мэдэгдлээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар асуудал хөндөв. Тэрбээр “Өмнөх Засгийн газар иргэн бүртээ 21 мянган төгрөг олгодог байхад жилдээ 400-500 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Гэхдээ бэлэн мөнгө тарааснаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна гэдэг шүүмжлэл дагалддаг байлаа. Одоо бэлнээр мөнгө тараахгүй, зөвхөн компаниудад 780 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр олгочихоод байхад яагаад мах, гурил, талхны үнэ өсчих вэ. Шатахууны үнэ мөн өсчихөөд байна. Ирэх гуравдугаар сараас цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Энэ талын үнэ өсөөд ирвэл үйлдвэрлэл эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний үнээ өсгөх бол дахиад мөнгө олгох уу. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ” гэдэг асуудлыг хөндлөө.

Дэд сайд Ц.Туваан:
-Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гурван дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд нийт 240 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Монголбанкныхантай уулзаж, үнийн өсөлтийн талаар ярилцахад, өмнөх жилүүдтэй харьцуулахад инфляци баригдаж байна гэсэн. Хөтөлбөр хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарсан. Цаашид цахилгаан, дулааны үнэ өсвөл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлбэл дахин хөрөнгө гаргах уу гэдэгт тодорхой мэдээлэл алга. Энэ талаар төлөвлөсөн зүйл байхгүй.
 

УИХ-ын гишүүн М.Энхболд:
– Та хүнсний зах дээр мах нэг кг нь 5800 төгрөг байгаа гэж мэдээллээ. Гэтэл ард иргэд 7800 төгрөгийн үнэтэй мах худалдаж авч идэж байна. Махны нөөц бүрдүүлэхэд “Жаст” нэртэй ганцхан компанийг шалгаруулж. Уг нь үнийг буулгахын тулд урд өмнө хэд, хэдэн компанийг шалгаруулдаг байсан. Зах зээлийн зарчим бол өрсөлдөөнөөр дамжиж үнэ буудаг. Ерөнхий сайд нь УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ “Аж ахуйн нэгжид мөнгө өгдөг практик туршлагаас татгалзана” гэж мэдэгдсэн. Гэтэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь махны нөөц бүрдүүлэхийн тулд ганцхан компани шалгаруулчихсан байх юм. Дээр нь нөөцийн махыг одооноос эхлээд борлуулаад эхэлж, улаанбаатарчуудын махны хэрэгцээ хэд билээ. Таван сард зарах мах нөөцөд үлдэх үү. Долдугаар сараас нааш шинэ мах гарахгүй, тэр болтол яаж махны үнийг тогтвортой барих болж байна вэ. Үндэсний статситикийн хороо, ард иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа байр суурь дэд сайд таны өгч байгаа мэдээлэл хол зөрж байна. Бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Дэд сайд Ц.Туваан:
– Гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ орон нутагт гурил, махны үнэ харилцан адилгүй байгаа нь харагдсан. Тухайлбал, Хөвсгөл аймагт гурилын үнэ нэг кг нь 480-520 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол зарим алслагдсан аймагт  гурилын үнэ нийслэлийнхээс 100 төгрөгийн өсөлттэй. Үүнд тээврийн зардал нөлөөлж байгаа. Тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой хадгалагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
– Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадтал өсч байна. Хонины мах 1 кг нь 7000-8000, үхрийн мах 1 кг нь 9000, ямааны мах 5000 төгрөгт хүрчихээд байхад “Үнэ өсөөгүй” гэдэг мэдээлэл хийж байгаа нь учир дутагдалтай байна. Дээр нь орон нутагт өвөлжилт хүндэрч, зудын байдалд шилжээд байхад Хөвсгөл аймагт Засаг дарга нь томилогдоогүй байдаг.  Засгийн газар дэндүү хариуцлагагүй байна гэсэн юм.

Дэд сайд Ц.Тувааны мэдээллээр 17 аймгийн 86 суманд өвөлжилт хүндэрчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд зүй бусаар 45470 толгой мал хорогдсон байна. Хамгийн их мал хорогдсон аймагт Хөвсгөл орж байгаа аж. Хорогдсон малын тоо тус аймагт 10 мянга давжээ. Мөн сайдын мэдээллээр отрын бүс нутагт 4.1 сая толгой мал өвөлжиж байгаа, түүнчлэн 3400 малчин өрхийн 1 сая толгой малыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр өвөлжүүлж байгаа гэнэ. Цаашид цаг агаар хүндэрвэл нийт малыг тэжээх хангах өвсний нөөц хүрэлцэхгүй гэдгээ дэд сайд мөн мэдэгдлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж