Б.Батнягт: Хүүхдийн паркийг долдугаар сарын 8-нд нээх болно

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Б.Батнягт: Хүүхдийн паркийг долдугаар сарын 8-нд нээх болно

Үндэсний соёл, амралтын хүрээ­лэнг шинчлэх төслийн удирдагч Б.Батнягтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-“Хүүхдийн парк энэ зунаас ашиглалтад орно” гэсэн мессеж урин дулаан цаг эхлэхтэй зэрэгцэн тардаг. Гэвч бүх зүйл бахь байдгаараа, хүүхдийн парк ашиглалтад орох тухай асуудал хий хоосон мөрөөдөл мэт таг чиг болсоор удлаа. Юун түрүүнд энэ удаад товлосон хугацаа бодитой байж чадах уу гэдэгт хариулт авмаар байна. Сайхан мэдээ хүлээж буй хүүхэд багачууд хангалттай олон байгаа шүү дээ?

-Зун болохоор яагаад энэ яриа гараад байна гэдэг чинь ойлгомжтой шүү дээ. Монголчууд зургадугаар сарын 1 гэдэг ганц өдөр л хүүхдээ баярлуулдаг юм шиг санагддаг. Өмнөх парк 44 жилийн түүхтэй. Гэтэл эцэг эхчүүд зөвхөн зургадугаар сарын 1 гэсэн ганц өдөр л хүүхдээ тоглуулдаг байсан.

-Үүнийг батлах бодит тоо байна уу?

-Бид хангалттай судалгаа хийсэн. Тэндээс харахад зургадугаар сарын 1-нд нийт үйлчлүүлэгчийн 60-70 хувь нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зорьж ирдэг байсан юм билээ. Хагас сайн өдөр өмнө нь юм уу, хойно нь таарвал тэр өдөр арай олон хүн ирдэг байсан. Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид жилдээ ганц өдөр л хүүхдээ баярлуулдаг байгаа байхгүй юу. Гэхдээ би зургадугаар сарын 1-нд хүүхдээ баярлуулах нь зөв, буруу гэдэг зүйл ярих гээгүй юм шүү. Бидний зорьж байгаа гол зүйл бол өдөр болгон хүүхдийн баярын өдөр байгаасай гэдэгт байгаа юм.

-Тэгэхээр жилийн дөрвөн улирлын аль ч өдөр танайхыг зорьж очиход “Өнөөдөр ажиллахгүй” гэдэг зүйл байхгүй болно гэсэн үг үү?
-Тийм ээ. Эцэг эхчүүд өдөр бүр хүүхдээ баярлуулдаг, тэдэндээ цаг гаргадаг, хүссэн үедээ гэр бүлээрээ ирж баярладаг, хөгждөг байлгах нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зорилго байх ёстой.

-Гэхдээ танай ажил хэтэрхий гэмээр их удаж байгаа шүү дээ?
-Анх 2005 оноос засвар шинэчлэлийн асуудал яригдаж эхэлсэн. Зөвшөөрлийг нь авах үеэс газрын маргаан байнга дагасан. Түүнийг шийдэж байж ажлаа эхлэх хэрэгтэй байсан. Тууштай хөөцөлдсөний үр дүнд тэнд байшин бариад хүүхдийн парк ор тас алга болох  байсныг бид хамгаалж чадсан. Ингэснээр эцсийн зөвшөөрөл 2008 онд гарсан. Энэ хооронд олон асуудлыг шийдэж чадсан.

-Үүнийг нэг төрлийн шалтгаан гэж үзэх хүмүүс байгаа. Ерөнхийдөө өөрсдөө цаг тухайд нь хийж чадаагүйгээ л хаацайлж байна гэж дүгнэх болов уу?
-Бид удаан хүлээлгэж байгаагийнхаа хариуцлагыг үүрээд л явж байгаа. Иргэдээс хангалттай их гомдол, шаардлага ирж байна. Ашиглалтад орох хугацаа хойшлохын хэрээр илүү их зардалтай болж, өртөг шингээж байна. Бид анх төлөвлөж байснаасаа хангалттай их алдагдал хүлээсэн. Гэхдээ эцсийн дүнд энд хүүхдийн парк л босно. Бүх гэр бүл хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой болж үлдэнэ. Анхных нь зорилгод өөр шинэ зорилго, эрх ашиг, гуйвуулсан үйлчилгээ гэж энд байхгүй. Үүний төлөө ч бид хангалттай их хүлээж, ихийг хийсэн.

-Газрын наймаа гэхээр яалт ч үгүй Улаанбаатар хотын захиргаатай холбогдоно биз?
-Хүмүүс манай хоёрыг тусдаа гэж ойлгоод байдаг. Тэд газар булааж, бид парк байгуулах гээд хөөцөлдөөд байсан юм байхгүй. Манай хоёр хамтарсан компани байгуулж, хүүхдийн паркийн төлөө хамтарч ажилласан. Үр дүнд нь тэд хууль бусаар газар авсан бүх байгууллагатай шат, шатны шүүхээр явж байгаад одоо эцэслэгдэж байна. Хоёр жилийн хугацааг үүнд зарцуулсан. Одоо ганц л компанитай холбоотой асуудал үлдсэн нь өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн.

-Ямар компани вэ?
-“Мон-Уран”. Дээд шатны шүүхээс зөвшөөрөлгүй газар авсныг нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнд байх ёстой гэж шийдсэн. Тухайн үед удирдаж байсан хүмүүсийн анхаарал сул байсан уу, өөр асуудал байсан уу паркийн газрыг шууд тусгаарлаж хашаа барьсан байсан. Хуулийн дагуу “Албадан нүүлгэх ёстой” гэсэн шийдвэр гарлаа. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, цагдаагаас албадан нүүлгэх байх.

-Таныг анх “Хүүхдийн паркийг шинэчилнэ” гээд загвар танилцуулж байсныг тань санаж байна. “Энэ нь ийм болно. Тэр нь ингэж сайхан шинэчлэгдэнэ” гээд л. Тэгвэл тэр үеийн загварт өнгөрсөн хугацаанд хэр өөрчлөлт орсон бэ. Анхны загвар хэвээрээ байгаа юу?
-Газар болоод хөрөнгө оруулалтын улмаас зураг нь гурван удаа өөрчлөгдсөн. Наад зах нь орох, гарах хаалганы асуудлаас үүдээд зохицуулах зүйл байсан. “Сөүл” рестораны асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэх мэт. Мөн дэлхийн санхүүгийн хямрал гэж байна. Ийм хүнд үед тийм том төслийг анх удаа хэрэгжүүлэх гээд үзэхэд амар хялбар байгаагүй. Мэдээж бизнес хийж байгаа юм чинь алдагдлаа боломжит дээд хувилбараар нөхөх тооцоо байгаа. Бодитой тооцоо байхгүй бол энэ ажлыг хийх боломжгүй. Бид ганц л буруу хөдөлбөл Улаанбаатар паркгүй болно. Иргэд биднээс нэхэх ч эрхтэй.

-Яг энэ оны долдугаар сард парк нээлтээ хийхэд үйлчлүүлэгчдэд юуг амлаж чадах вэ?
-Гурван үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. Эхний ээлжинд иргэдийн хүсэн хүлээгээд байгаа паркийг парк гэдэг утгаар нь ашиглалтад оруулж чадна. Дараагийн ээлжинд жилийн дөрвөн улиралд ажиллах, битүү барилга байгууламжтай болгоно. Хэн ч очсон сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Долдугаар сарын 8-нд нээлтийг нь хийхийн тулд гүйцэтгэгч нараа шахаж, тасралтгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлсэн.

-Энд нэг зүйл тодруулах зайлшгүй шаардлагатай санагдсан. Тэр нь хүүхдүүд хэвлэлд    мэдээлж байгаа мэдээллүүдээс үүдэн “Өө, паркт чинь Ялалтын талбай дээр байдаг тоглоомыг л суурилуулж байгаа гэсэн шүү дээ. Алсыг харагч нь их намхан гэсэн” гэж ярих болсон тухай л даа?
-Яалаа гэж дээ. Ялгаатай байлгахын тулд л Үндэсний соёл амралтын хүрээлэн гэж нэрлэж байгаа биз дээ. Дэлхийн стандартыг л бид дагаж байгаа. Манайх Олон улсын паркийн холбооноос зөвшөөрсөн үйлдвэрээс тоглоомоо авсан. Аюулгүй байдал, хүүхдэд үзүүлэх ач холбогдол, насны онцлог гээд олон дүрмийг тэндээс хатуу тогтоож өгсөн байдаг. Хятадын тоглоом гэж бас их шүүмжилж байгаа. Мөн Япон, Солонгос, Хятадад ашиглаж байгаад хаясан тоглоом авчирсан гэдэг яриа гаргадаг. Би ямар зорилготой ийм яриа гаргасныг ойлгохгүй байна. Нуурын голын цайзыг шинэчилж байна. Тэрийг шашны сүм гэж ярьдаг. Цайз ямар байх ёстой, тэр дүрмийн дагуу л барьсан. Бид Америкаас тоглоом авч байгаа. Хятадаас стандартын дагуу хийсэн тоглоомыг авсан. Тэнд хийгдэж байгаа тоглоом бүгд Италийн чанарын шалгуурт нийцсэн байдаг. Хятадад угсарч байгаа “Бенз”-ийг бид “муу” гэж хэлэхгүй байгаа биз дээ. Испаниас гэхэд мөсөн талбай авчирч байна.

-Орон сууцны өмнө байгуулдаг хүүхдийн тоглоомын талбайтай адилхан гэдгийг бол бүр ч хүлээн зөвшөөрөхгүй нь ээ?
-Зөвшөөрөхгүй. Ямар ч орон сууцны барилгын өмнө 45 метр өндөртэй алсыг харагч байхгүй л байгаа биз дээ. Эрдэнэтэд угсарсан хуучин алсыг харагч 35 метр. Өнөөдөр Улаанбаатар хотын төвд босч байгаа өндөр барилгуудтай харьцуулахад намхан харагдаж байж магадгүй. Анх паркт алсыг харагч байрлуулахад хотын барилга намхан байсан болохоор их өндөр санагдаж байсан байж болох л доо. Ямар цаг үед юуг харж байгаагаас л шалтгаалаад байна л даа.
 
-Нэгэнт ярилцлагын сэдэв маань тэр чигтээ хүүхдийн парк учраас дээр хэлсэн асуудлуудаа орхиод үйлчлүүлэгчдийн тань сэтгэл ханамжийн баталгааг өөрөөс тань асуумаар байна. Тэндээс хүүхэд бүр аз жаргалтай, эцэг эхчүүд хүүхдээ тоглуулсныхаа төлөө баяр баясгалантай гарч чадах уу. Энэ л хамгийн гол асуудал шүү дээ?
-Мөсөн талбайгаа Испаниас далайгаар авчирч байгаа учраас цаг жаахан орж байна. Тэр ашиглалтад орвол өвөл, зунгүй гулгаж болно. Том оврын 12 тоглоом байна. Гэр бүлийн боулингийн талбай байна. Ур чадварын тоглоомууд байна. Нэгж тоглоомын тоогоор яривал 100 гаруй тоглоом байгаа. Өмнөх паркийн ногоон байгууламж муу байсан. Түүнийг жилийн дөрвөн улиралд ногоон байлгахын тулд шилмүүс суулгаж байна. Зам талбай нь зүгээр нэг зам байхгүй. Хүүхдийн парк гэдэг утгаар олон өнгийн, хүүхдийн сонирхлыг төрүүлэхүйц болгоно. Хүүхдийг заавал мөнгө төлж тоглуулах шаардлага байхгүй. Тэднийг үнэгүй тоглуулах тоглоом байгаа. Бид бизнесийн ашиг харж байгаа. Ашиг харж байхад үйлчлүүлэгч маань, тэр дундаа хүүхдүүд гомдож гарвал энд ямар бизнес, ямар ашиг байх юм бэ, тийм биз дээ.

-Цайзыг нь устгачихсан юм биш үү?
-Бид юуг ч устгаагүй. Үүнийг их тодорхой хэлмээр байна. Хуучин цайзыг авч үлдэх ямар ч боломж байгаагүй. Модон хийцтэй, цагаан блокоор барьсан. Тэр нь үмхэрч муудаад, дотогшоогоо чийг дааж, мөөгөнцөр ургачихсан. Цахилгаан, дулаан гээд шаардлага хангах юм юу ч байгаагүй. Нэгэнт шинээр байгуулж байгаа юм чинь бүгдийг нь орчин цагийн шаардлагад нийцэхүйц сайхан л болгох хэрэгтэй биз дээ.

-Хүүхдүүд дэлхийн том паркуудад байдаг галзуу хулганыг зурагтаар хараад “Ийм хулгана дээр суумаар байна” гэх нь бий. Тэдний мөрөөдлийг биелүүлж чадах уу?
-Тийм галзуу хулганыг бид судалж үзээгүй биш, үзсэн. Гэтэл тэр тоглоомыг авлаа гэхэд бодит боломж болон зах зээлийн хүчин чадалтайгаа харьцуулаад үзэхээр шууд алдагдалд орохоор байна. Гэхдээ урт хугацааны зээлээр авахаар хөөцөлдөж байгаа. Өнөөдөртөө авч чадахгүй ч жил бүр тоглоомоо нэмэхэд галзуу хулганыг ч авах боломжтой болно. Яг өнөөдөртөө бол боломжгүй л дээ.

-Хүн бүр л Үндэсний соёл, амралтын хүрээлэнг диснейлэндтэй харьцуулах нь тодорхой. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Диснейлэнд чинь өөрөө үлгэрчилсэн хүүхдийн паркийн дээд загвар. Түүнийг барих эрх нь асар том стандарт шаарддаг. Бид судалж үзсэн. Асар том зах зээлд л эрхээ өгдөг юм билээ. Шанхай, Энэтхэгт барина гэж байгаад л хойшилсон. Улаанбаатарт хоёр сая хүн бий гэсэн тооцоо байдаг. Мөн худалдан авах чадвар муу. Ийм нөхцөлд ямар ч боломжгүй. Би өнөөдрийн байгуулж байгаа паркийг диснейлэндээс дутахгүй л гэж бодож байгаа. Бид яагаад өөрсдийн мөнгөний бололцоондоо тохирсон сайхан парктай байж болохгүй гэж. Боломжтой айлын хүүхдүүд нь гадагшаа яваад тоглочихно. Гадагшаа явах боломжгүй хүүхэд нь яагаад Монголдоо сайхан тоглож болохгүй гэж. Үүнийг цааш нь улам сайжруулж, шинэчилж явсаар диснейлэндийн түвшинд хүрнэ гэдэгт би итгэлтэй байдаг.

-Хүүхдийн паркийг зөвхөн тоглох гэдгээр ойлгож болохгүй шүү дээ. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, оюун ухааныг нь тэлэх үүрэг байх ёстой. Цаашилбал аюулгүй байдлыг нь хамгаалж чадах уу гээд олон зүйлийг хамтад нь бодож, боловсруулах ёстой болов уу. Тэр бүхнийг цогцоор нь шийдэж чадсан уу?
-Дэлхийн паркийн холбооны уулзалтад очиход өөрийн тань асууж байгаа асуулт хамгийн гол нь байдаг юм билээ. Сэтгэн бодох чадвар, хөдөлгөөний эвсэлтэй болгох, өрсөлдөөнд бэлтгэх гээд олон зүйл байдаг. Тэр бүхнийг тооцоолох үүрэг бидэнд бий. Тэр үүргээ биелүүлж байгаа гэж бодож байна. Аюулгүй байдлын тухайд тоглоом угсарсан л бол шууд тоглож болно гэсэн үг биш. Алсыг харагч, савлуур гээд аюулгүй байдлыг эн тэргүүнд бодох ёстой. Өнөөдрийн суурилуулсан тоглоомыг дулаан, хүйтний нөхцөлд хэрхэн тохируулах гээд бүх зүйлийг бодох ёстой. Бид тэр дүрмийн дагуу ажиллана.

-Хүүхдээ тоглуулж байгаа аав, ээжүүд тэр өдөрт хүүхдийнхээ төлөө санаа зовсоор байгаад өөрөө ядрах нь их байдаг. Тэр тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж чадна гэж амлаж байгаа шигээ эцэг эхийнх нь амралтыг өөрт нь тустай байхаар бүрдүүлж чадах уу?
-Манай паркийн сэдэв гэр бүлийн парк. Энэ сэдвийнхээ хүрээнд ажиллана. Жилийн дөрвөн улиралд тийм байна. Бүр өндөр настай хүмүүст, өвөө, эмээ нарт нь зориулсан тусгай талбай ч байгаа. Паркийг хэзээ ч нэг талаас нь харж болохгүй. Бүх зүйл нь хүнд зориулагдсан байх ёстой.

-Үйлчилгээний хөлсийг нь тогтоосон уу. Хүүхдээ баярлуулахтай давхцахад эцэг эхийн санхүүгийн чадавхи хамгийн том асуудал болж сөхөгддөг шүү дээ?
-Нэгэнт хөрөнгө оруулалт хийж, ашигтай байх ёстой гэдэг зарчим барьж байгаа учраас халамжийн байгууллага шиг байж болохгүй. Гэхдээ эмзэг бүлгийнхэн рүү хандсан бодлого гаргаж ажиллана. Манайх хотын оролцоотой компани учраас хотын дарга Г.Мөнхбаяр “Та нар хугацаа алдсан учраас үүндээ тохирсон үнийн хөтөлбөр барьж ажилла” гэж үүрэг болгосон. Бид хорооны дарга нартай уулзаж, эмзэг бүлгийн гэр бүлийн хүүхдүүдийг хамруулах хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Энэ нь бидний нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага учраас тэднийг орхигдуулаагүй. Гэхдээ яг өнөөдөр төдөн мянган хүүхдийг үнэгүй тоглуулна гэж хэлж чадахгүй. Энэ бол бизнес.

-Тэгвэл урьдчилсан байдлаар нэг хүүхэд паркт тоглоод сэтгэл ханамжийн зуун хувь баталгаатай гарлаа гэхэд төдөн төгрөг болно гэсэн тооцоо байна уу?
-Тасалбарыг багцаар нь худалдах тооцоо гаргаж байгаа. Гурван мянга, таван мянга, долоон мянга, арван мянга гэх байдлаар. Гурван мянгын багц аваад орсон хүн цэвэр орчин, ногоон байгууламжийг сонирхож, байнга болох урлагийн тоглолтыг үзээд хоёр тоглоом дээр тоглох боломжтой байхаар төлөвлөж байна. Хаана ч үнэгүй тоглолт гэж байхгүй биз дээ. Арван мянгын тасалбараар гэхэд 7-8 тоглоом дээр тоглох боломжтой. Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоо. Нэгэнт хэрэглэгч маань хэн билээ гэдгийг мэдэж байгаа учраас тэнгэрт тулсан үнэ хэлэхгүй. Гэсэн ч энэ бол бизнесийн байгууллага.

-Монголчуудын хувьд “За, парк нь ашиглалтад ороо л биз. Мань мэт хаалгаар нь орж дийлэхгүй ээ. Нөгөө баян хүмүүсийн хүүхдүүд л орно биз” гэсэн хандлага гарч болох л юм. Энэ бодит байдал шүү дээ?
-Баян хүний хүүхэд гэхээр ямар ойлголт байхыг би мэдэхгүй байна. Гэхдээ иймэрхүү яриа гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл жилдээ ямар ч орлогын чадваргүй байсан ганц удаа хүүхдээ тоглуулахад тийм их хэцүү байна гэж бодохгүй байна. Ядаж л хүүхдийн мөнгө гэж төрөөс өгөөд байгаа биз дээ. Тэгэхэд ганц удаа 10 мянган төгрөгөөр тоглуулаад 5-6 мянган төгрөгөөр хоол авч өгөөд гарахад тийм хэцүү юм уу. Хүүхэд мартахгүй шүү дээ. Зөвхөн ганц ч бус, 2-3 удаа тоглуулахад алдаад байх зүйл байхгүй. Түүнээс бус баян айлын хүүхэд нь гадагшаа яваад л тоглочихно. Манай паркийг бараг тоохгүй байх. Тэд бол дэлхийн дээд стандартын тоглоомыг үзчихсэн байгаа л даа. Тэгэхээр бид нийгмийн бүхий л давхаргын хүүхдүүдийг тоглуулах зорилготой ажиллаж байгаа.

-Дэлхийн дээд стандартыг үзчихсэн хүүхдүүд гэхээр энэ паркийн стандарт аль түвшинд нь байх вэ?
-Диснейлэндтэй харьцуулах боломжгүй. Гэхдээ дэлхийн стандартад нийцсэн паркийг байгуулж байгаа.

-Хэдийнээс жилийн дөрвөн улиралд ажиллаж эхлэх вэ?
-Өмнө нь манай парк жилд 120 хоног ажиллах ёстой байсан. Үүнээс бороо, шороо гээд ердөө 100 хоног л тоглох боломжтой байсан юм билээ. Гэтэл манайхан хүүхдийн баяраар л шавчихдаг. Тэгэхээр яг ачаалалтай хоног нь 30 хоног байсан тооцоо гардаг. Бусад өдөр нь алдаг оног ажилладаг байсан. Одоо бол шинэ жилээр ч ажиллуулна. Нээлтээ хийснээс хойш нэг, нэгээр нь нэмж ашиглалтад оруулснаар байнга л тоглох боломжтой болно.

-Өөрөө цаасан дээрх тооцоо байхаас нь эхлээд хариуцаж ажилласан хүний хувьд нээлтээ хийх хоног ойртох бүрт хийсэн ажилдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Би удаан байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ анхнаас нь явсан хүний хувьд энэ төслийг их амжилттай явж байгаа гэж боддог. Газар дээр нь ажил эхлээд жил зургаан сар болж байна. Энэ бол харьцангуй урт хугацаа.

-Хүүхдүүдэд өгөх өөрийн тань өөдрөг төсөөлөл юу вэ. Унших чадвартай болчихсон олон хүүхдийн хувьд таны ярилцлага парк руу яарах жигүүр нь болоосой гэж бодвол?
-Манайхан энэ тухай яриад суудаг л даа. Бүх зүйл маань гэр бүлд, хүүхдэд аз жаргал бэлэглээсэй гэж хүсдэг. Энэ чинь ганц тоглоом дээр тоглох асуудал биш. Хүүхэлдэйн театр тоглолт хийнэ. Бүжгийн хамтлаг, хамтлаг дуучдын тоглолт гээд бүх зүйлийг л сайхнаар хийхийг зорьж байгаа. Тоглоом бол угсраад л босгочихвол хэцүү биш. Зөвхөн тоглоом дээр тогловол уйтгартай болно. Наашаа ирж байгаа хүүхэд бүр өдөр бүр аз жаргалтай, баяр баясгалантай байгаасай гэж хүсч байна. Миний хувьд цаашид үргэлжлүүлэн хариуцаад ажиллалаа гэхэд өдөр болгон баяр баясгалан үйлдвэрлэнэ гэдэг чинь өөрийн минь хувьд ч их гоё зүйл. Иймээс ч би ажилдаа асар өөдрөг ханддаг. Хүүхдүүд баярлаад эцэг эхчүүд сэтгэл хангалуун байвал сайхан биз дээ.
Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж