“УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байгаа тул энэ долоо хоногт УИХ өмнөх өдрүүдээс ч илүү ачаалалтай ажиллах төлөвтэй байгаа”-г УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа сэтгүүлчдэд зориулан долоо хоног бүрийн эхэнд хийдэг уламжлалт мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр болсон УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан дээр “Гудамж” төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийсний дээр энэ долоо хоногт УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хурлаар мөн Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар хийж буй ажлын талаар мэдээллийг сонсох тул шинэ долоо хоногт УИХ нийслэлийн ирээдүйн төлөвлөлтийн асуудлаар нэлээд амьсгална гэдгийг Д.Энхтуяа дарга тэмдэглэн хэлэв.
Мөн энэ долоо хоногт Ёс зүйн дэд хороо хуралдаж дүрмээ батлахаас гадна Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Элчин сайд нарын томилгооны асуудал, Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх аж. Байнгын хороод бас өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанаас анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн зарим хууль, тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг хийхээс гадна шинээр өргөн баригдсан зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх гэж байгааг тэрбээр мэдээллээ.
Харин өнгөрсөн долоо хоногийн хувьд УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүх байгуулах тухай хууль болон “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцэслэн баталснаар улсын хэмжээнд нийт 59 шүүх шинээрр байгуулах гэж байгаа, мөн Шүүгчийн орон тоо батлах тухай тогтоол батлагдсанаар одоо манай улсад ажиллаж байгаа 442 шүүгчийн тоо 239-өөр нэмэгдэж 681 болох гэж байгааг шат шатны шүүхийн шүүгчийн орон тооны задаргаатай нь хамт Д.Энхтуяа дарга тодруулан мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг ихээхэн татсан нэг үйл явдал болох Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн явцад төсөл санаачлагч нь татаж авсныг тэрбээр дурдаад ярианыхаа сэдвийг ирэх лхагва гарагаас эхлэх өндөр хэмжээний айлчлалд шилжүүлж, энэхүү том арга хэмжээний тухай мэдээллийг олон нийтэд хүргэхэд урьдын адил хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллана, тухайлбал, энэ удаа Хятадын талаас 30 орчим, манай талаас 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжилж, айлчлалын гэрэл зураг, дүрс бичлэгээр хэвлэл мэдээллийн нийт байгууллагыг хангах ажлыг УИХ-ын Тамгын газрын ХМОННХ хариуцан ажиллана гэдгийг парламентын сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Эх сурвалж: http://open.parliament.mn/