Мөнхийн залуу “Тоска”

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Мөнхийн залуу “Тоска”

Дуурь, бүжгийн эрдмийн театрт өчигдөр Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай “Тоска” дуурь дахин эгшиглэлээ. Энэ удаагийн “Тоска” дуурьт Монголын сонгодог урлагийн үзэгчидтэй хэдийнээ танил болсон Армяны шилдэг тенор Ованес Айвазян дахин манай тайзнаа тоглосон юм. Тэрбээр “Тоска” дуурийн гол дүр, зураач  Марио Каварадоссийн дүрийг Монголын шилдгүүдийн хамт нэгэн тайзнаа толилууллаа. Монголын дуурийн театр дэлхийн төвшинд хүрсэн, бахархам гэдгийг энэхүү тоглолт дахин мэдрүүлсэн гэж болно. Энэ өдрийн гялалзсан од нь Армяны тенор байсан. Тэрээр саяхан дэлхийд нэр цуутай, сонгодог урлагт хайртай хэн бүхний мөрөөдөл болсон “Большой театр”-т өөрийн уран бүтээлээ сонордуулан тус театрын зүгээс нааштай хариу сонсоод ирсэн юм. Тиймээс бид “Большой театр”-ын ирээдүйн нүүр царайг өөрийн тайзнаа харж байгаа азтай үзэгчид.

Өнөөдрийг хүртэл тайзнаа эгшиглэн үе үеийн уран бүтээлчдийн хүч, авьяасаар амилан үзэгчдийг хөглөдөг мөнхийн бүтээл болсон “Тоска” дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тогложээ. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн байна. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурь бүтсэн аж. “Тоска” нь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хартай, гэнэн бүсгүй Тоскаг монголын шилдэг сопрануудын нэг Б.Эрдэнэтуяа амилуулсан. Тэрээр гэнэн хонгор Тоска бүсгүйд хувиран энэ л өдөр дуурийн тайзнаа хайртай залуу болох зураач Каварадоссийн төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэн үнэнчээр хайрлан түүнийхөө төлөө алтан амиа өргөдөг. Гоо үзэсгэлэнтэй, сэргэлэн, хартай хэдий ч гэнэн хонгор хүүхэд ааштай Тоска бүсгүйд үзэгчид алгаа хорстол ташин талархал илэрхийлсэн. Түүний хайртай залуу  мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадоссид Армяны шилдэг тенор Ованес Айвазян тоглосон юм. Түүний гайхалтай хоолой, чадварлаг жүжиглэлт үзэгчдийг Тоскад улам бүр дурлуулсан юм. Мөн “Тоска” дуурийн хорон санаат түшмэл Скарпьяг үзэгчид үзэн ядтал нь амилуулж чадсан эрхэм бол баритон Ц.Баттөр. Тэрээр өөрийн замд саад болсон хүмүүсийн хилс хэрэгт буруутган хайртай бүсгүй Тоскаг өөрийн болгохын тулд хөөрхийлөлтэй зураач залуугийн аминд хүрэн бүсгүйг мэхлэдэг ч түүний гарт амиа алддаг юм.

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Тоска” дуурийн гол дүрүүдийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг ихэд татаж, одоо хэр нь хэдэн зуун дамжин бишрүүлсээр байдаг билээ. “Тоска” дуурийн үйл явдал, өрнөл нь хөгжмийн хэлээр шууд буухаас гадна төгсгөлийн эмгэнэлт хэсэг нь хүний сэтгэлийг сэрт хийлгэм гайхалтай. Тиймдээ ч мэргэжлийн талаас асар их ур чадвар шаарддаг уг дуурь манай театрын тайзнаа 30 гаруй жилийн хугацаанд тавигдахад Монголын сонгодог урлагийн шилдгүүд болон Польш, Оросын дуучин ирж хүч байсан юм.

Сонирхуулахад, Монголын дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав ажиллаж байжээ. Тухайн үед АЖ А.Хавлааш, АЖ Х.Уртнасан, Гавьяат жүжигчин Д.Банди гээд энэ салбарын суутнууд тоглож, үзэгчдэд хүргэсэн байдаг. Түүнээс хойш энэ дуурьт олон уран бүтээлчид хүчээ сорьж, үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж