Мали улс дахь исламын дайчдын эсрэг явуулж буй ажиллагааг эргэлзэх зүйлгүй том амжилт гэж Францын Засгийн газар дүгнэж байна. Тавигдсан бүх зорилтууд биелээд байгаагаас гадна байлдааны ажиллагаа суларна гэсэн шинж тэмдэг алга хэмээн Францын ерөнхий сайд Жан-Марк Эйро Аргентинд айлчилж байхдаа энэ сарын 25-нд мэдэгдсэн билээ.
Франц, Малигийн цэргийнхэн Африкийн тэр орны нийслэлийн зүг исламчуудын явуулсан довтолгоог зогсоосныг ерөнхий сайд том амжилт гэж хэлээд одоо исламын босогчдод ялагдал өгөх шаардлагатай гэсэн байв. Ерөнхий сайдыг үгээ хэлж байх өдөр хоёр орны цэргийнхэн исламистуудын хяналтад байгаа Гао гэх том хотоос 200 км-ийн зайтай Омбори хотод орж ирсэн байв.
Босогчид түүхийн дурсгалт Тимбукту хотоос ухрахдаа хотыг ус, цахилгаангүй үлдээсэн байна. Мөн тэд Баруун Африкийн холбооны хүчийг нэвтрүүлэхгүйн тулд хөрш Нигер ба Чадыг Малитай холбосон стратегийн чухал гүүрийг дэлбэлжээ.
Франц Германд хандан Малид явуулж байгаа цэргийн ажиллагаанд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг хүссэн байна. Германы Батлан хамгаалах яамны мэдээгээр Францын тал өөрсдийн онгоцуудыг агаарт шатахуунаар цэнэглэж чадах боломжийн талаар хүсэлтээ ирүүлсэн гэнэ.