НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энэ сарын 22-нд авсан хориг арга хэмжээг “дайн зарласан хэрэг” хэмээн Пхеньян нэрлэв. Тэд цөмийн хөтөлбөрөө зогсоох талаар ямар нэгэн яриа хэлцэл явуулахгүй гэжээ.
БНАСАУ арванхоёрдугаар сарын 12-нд “Ынха-3” пуужингаа хөөргөж чадсаны дараа хоёр Солонгосын харилцаа дахин муудаж эхэлсэн байна. Пхеньян пуужинг энхийн зорилгоор хөөргөсөн ч түүнийг нь баллистик пуужингийн туршилт байсан гэж сэжиглэсэн байв. Тэр сэжгийг нь Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийн хойд хөршийнхөө пуужин унасан хэсгүүдэд хийсэн шинжилгээ нь баталсан билээ.
Үүний хариуд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 22-нд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан юм. Эдийн засгийн хориг арга хэмжээнд нь пуужингийн хөөргөлтөд хамаатай Солонгосын сансрын технологийн хороо, хоригийг тойрон мөнгө оруулж байсан Bank of East Land банк зэрэг бүтцүүд хамрагдав.
Хоригийн хариуд Хойд Солонгос “заналт дайсан” АНУ-ын эсрэг чиглэсэн цөмийн туршилтыг “дээд төвшинд” хийнэ хэмээн нэгдүгээр сарын 24-нд мэдэгдсэн байлаа. Пхеньян өмнө нь 2006, 2009 онуудад плутонийн атомын цэнэг туршиж байв.
Энэ бүгдийн хариуд нь ирэх сарын сүүлчээр ажилдаа орох Өмнөд Солонгосын сонгогдсон ерөнхийлөгч хатагтай Пак Кын Хе Хойд Солонгосын өдөөн хатгалтыг зогсоохын төлөө зүтгэнэ гэж мэдэгдсэнийг Associated Press дамжуулав. Хойд Солонгос цөмийн гурав дахь туршилтаа хийх нь хоёр орны харилцааг хүчтэй муутгана гэж хатагтай мэдэгджээ.
Энэ цагаар Вашингтон эдийн засгийн хоригтоо хоёр хувь хүн болон Пхеньяны цэргийн хөтөлбөрт тусалж байсан Гонконгийн нэг компанийг нэмж оруулав. Сөүл шинэ хоригт нэгдэх боломжийг авч үзнэ, гэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талд нь илүү анхаарна гэсэн байв.