Давост хийгдсэн Дэлхийн эдийн засгийн чуулгад оролцогсод, дэлхийн тэргүүлэх улстөрчид, эдийн засгийн шинжээчид бүгд л өрийн хямралтай тэмцэхэд эрч хүчээ бууруулахгүй байхыг уриаллаа гэж Германы dpa агентлаг бямба гаригт дамжуулсан байна.
Сүүлийн саруудад найдвар төрүүлэхээр олон тооны дохио мэдрэгдэж байгаа ч “эдийн засгийн дулаарал” одоохондоо найдвартай биш байна хэмээн Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард энэ жилийн эдийн засгийн дүгнэлтүүдийн талаарх сүүлчийн мэтгэлцээн дээр мэдэгдэв. Тийм ч учраас АНУ-аас эхлээд Европ, Азийн нэг ч Засгийн газар өөрсдийн төсвийг эрүүлжүүлэх хүчин чармайлтдаа амсхийж болохгүйг тэр анхаарууллаа. Мөн тэрээр Ангела Меркелийн гаргасан Европын өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлагатай санал нэг байгаагаа хэлэв.
Одоо байгаа хямралтай тэмцэх хэрэгслээс гадна ямар нэгэн нэмэлт хэрэгсэл харагдахгүй байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын тэргүүн Хосе Анхель Гурриа тэмдэглэв. Хямралд эргэн орохгүйн тулд бүтцийн шинэчлэлийг ээлж дараалан хийх ёстой гэж тэр үзлээ.
Эдгээр шаардлагуудыг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле дэмжин мэдэгдэхдээ, хямралтай тэмцэхийн тулд “шинэчлэлийн зам дээр” зогсох ёстой гэв. Грек, Испани, Португали, Ирланд зэрэг орнуудад шаардлагатай шинэчлэл хийж байгаад нь бахархаж явдагаа тэр мэдэгдлээ.
Төсөв болон бүтцийн шинэчлэлүүд эхний үр дүнгээ өгч буйг Европын Төв банкны дарга Марио Драги хэлэв. Гэхдээ асуудалтай орнууд өөрсдийн хямралын эсрэг бодлогоо хэрэгжүүлэх тийм төвшиндөө очоогүй байна гэдгийг Драги сануулжээ.