Ногоон хөгжлийн төлөөх эвслийн хуралдаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжлийн төлөөх эвслийн хуралдаанд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ногоон хөгжлийн төлөөх эвслээс зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын урсгалыг өөрчлөх нь” сэдэвт тусгай хуралдаанд оролцов. Мөн тус хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй дэлхий олон лидерүүд оролцлоо.

“Ногоон хөгжлийг бий болгохын төлөө “Aзийн супер сүлжээ” буюу Монголоос эхтэй Азийн цахилгаан дамжуулах сүлжээ байгуулах маш том зорилтыг тавиад байна. Өөрөөр хэлбэл Монголын нар, салхины хүчээр Азийн хэрэглээг бүрэн шийдэх хэмжээний эрчим хүч гаргах зорилтыг дэвшүүлэн тавьж байгаа.
 
Монголын говь дэлхийн гайхамшгуудын нэг. Энэ төслийг “Говь тек” (GobiTech) гэж нэрлэж байгаа. Зөвхөн монголын салхины эрчим хүчээр өнөөдөр Хятад улсын хэрэглээтэй тэнцэх хэмжээний эрчим хүчийг гаргах боломжтой. Үүн дээр нарны эрчим хүч гаргах боломжийг нэмж тооцвол бид Ази тивийг бүхлээр нь эрчим хүчээр хангахаар байгаа юм. Энэ бол хэрвээ та бүхэн монголд хөрөнгө оруулбал асар том боломж байгааг нотолж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
 
2015 онд Киотогийн протоколыг залгамжлан олон улсын харилцаанд үүрэг хүлээхүйц гэрээ байгуулах талаар энэ удаагийн хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Давосын хуралдааны үр дүнд гурван жилийн өмнөөс байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх санг олон улс орон, томоохон компаниудын дэмжлэгтэйгээр байгуулсан юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж