Ерөнхийлөгч Швейцарийн Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Швейцарийн Ерөнхийлөгчтэй уулзав

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдаж буй Швейцарын
Холбооны Улсын Ерөнхийлөгч Уэли Маурертай уулзаж, хоёр талын харилцаа,
хамтын ажиллагаа болон шууд ардчилал, түүний монгол дахь байдлын талаар
ярилцав.
Уулзалтын эхэнд
Швейцарын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хорин жилийн өмнө гэхэд би Монголын
тухай тийм ч сайн мэддэггүй байсан. Харин одоо Монгол дэлхий нийтийн
анхаарлын төвд байна. Монгол бол гүн гүнзгий түүхийн сурвалжтай, үнэхээр
сонирхол татсан орон. Би саяхан монголын тухай нэг ном уншихад хүмүүс
нь үнэхээр найрсаг зочломтгой гэж дүрсэлсэн байсан” хэмээв.

Дараа
нь хоёр улсын төрийн тэргүүнүүд Монгол Улс дахь иргэний оролцооны
тухай, шууд ардчиллын сургалтууд болон иргэд нь төсвөө хянаад, захиран
зарцуулах шийдвэрээ хуулиар олж авсан талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол
Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улс Швейцар Улстай дэд бүтэц,
ялангуяа уулархаг бүсэд зам тээвэр, бүтээн байгуулалтын туршлага
хуримтлуулж ирсэн баялаг уламжлалыг нь судлах, мөн хөдөө аж ахуй, аялал
жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байна”
гэв.

Мөн Ерөнхийлөгч хүн амаасаа хэд дахин илүү мал сүрэгтэй
атлаа нийт сүүний хэрэглээнийх нь үлэмж хувь импортоор орж ирдэг байдлыг
өөрчлөн монголдоо зөвхөн монгол малын сүүг хэрэглэдэг болохын тулд
Швейцарын туршлагыг судлах, сүүний үйлдвэрүүд байгуулах дээр хамтран
ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр яригдсан бас нэг
зүйл бол усны менежментийн асуудал. Хүн амын 40 орчим хувь нь нийслэл
хотдоо суурьшсанаас үүдэн олон жилийн хөрсний бохирдол нь гүний усны
нөөцөд заналхийлж байгаа нь энэ салбар дахь хамтын ажиллагаа, дэмжлэг
тусламж их хэрэгтэйг харуулж байна гэж Ерөнхийлөгч онцолсноор уулзалт
өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж