Монгол Улсын болон Финландын Ерөнхийлөгч нар уулзав

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Монгол Улсын болон Финландын Ерөнхийлөгч нар уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Финланд Улсын Ерөнхийлөгч Саули Нийнисто нар Давос хотноо уулзав. Финландын Ерөнхийлөгч Нийнисто “Монгол Улс эдийн засгийн өндөр өсөлттэй гарч, ардчиллын үнэт зүйлийг амжилттай тогтоон өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд манлайлал үзүүлж байгаад баяр хүргэе” гэснээр уулзалт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр жилийн өмнө Финланд Улсад айлчилснаа дурсаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байдгаа илэрхийлэв. Финланд нь шилжилтийн үед Монголд тодорхой салбаруудад тусламж дэмжлэг үзүүлж ирсэн юм. Тус улс Монголын Геологийн төв лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахад ихээхэн анхаарч дэмждэг бөгөөд Финланд уул уурхайн олборлолт, ашиглалтыг Европ тивд идэхтэй хийж буй цөөн орны нэг.
 
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Финланд Улсад айлчлах үедээ монголд тоо толгой өдрөөс өдөрт цөөрсөөр буй цаа бугыг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах талаар ярьсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцав. Ой модны салбарын хоёр орны хамтын ажиллагаа чухал гэдгийг ч дурдлаа. финланд нь зэс боловсруулах технологиороо тэргүүлэгч орны хувьд Монгол Улс туршлага солилцон эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэ талаар ч ярилцав.
 
Уулзалтын төгсгөлд Финландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох АОХН-ийн сайд нарын бага хуралд Гадаад харилцааны сайдаа оролцуулна гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж