Хятадын Засгийн газар дэлхий дахинд бараг мэдэгдэлгүйгээр Түвдийн иргэдийг паспортгүй болгож, бүс нутгаасаа гарах аргагүйд хүргэжээ. Орон нутгийн хүмүүсийн тусгаар тогтнох эрхийн төлөөх тэмцлийг гадаадын дайснуудын явуулга гэж үздэг Бээжин бүс нутгийг “гамшгаас хаахаар” шийдсэн бололтой. Түвдчүүдэд өмнө нь гадаад орноор орж, гарахад энгийн биш байсан. Харин одоо түвдүүдийн гадаад ертөнцтэй холбогдох холбоо сүлбээнд нь ноцтой хохирол учирч байна. Тэднийг баримт бичиггүй болгоод зогсохгүй дээр нь хиймэл дагуулын телевизгүй үлдээж байгаа гэнэ. Хятадын коммунист нам хиймэл дагуулын телевиз нь түвдүүдийн тархи толгойг буруу үзэл суртлаар цэнэглэж, өөрсдийгөө шатаахад хүргэж байна хэмээн үзжээ.
2012 оны нэгдүгээр сард хэдэн мянган түвдүүд зөвшөөрлийн дагуу гадаадад хөл тавьжээ. Тэд Энэтхэгийн Калачакра гэх шашины баярт очоод, тэнд Түвдээс хөөгдөн гарсан XIV Далай ламд мөргөсөн байна. Хятадууд болсон хэрэг явдалд шуурхай арга хэмжээ аван, тэднийг арав хоногийн арга хэмжээнээсээ буцаж ирэнгүүт нь олон хүнийг баривчлан цагдаж, “эх оронч хүмүүжил”-д явуулсан байна.
Түвд нь өнөөгийн хил хязгараар XVIII зуунд бүрэлдэн тогтоод Хятадын хяналтын хязгаар болжээ. 1911 оны Хятадын хувьсгалын дараа Түвд тусгаар тогтнолоо зарласан ч өөрийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэн авч чадаагүй. Хятадын эрх баригчид 1950 онд Түвдэд армиа оруулан өөрийгөө тусгаар гэж зарласан орныг БНХАУ-ын автономи болгох гэрээнд гарын үсэг зуруулж чадсан байна. Үүнээс есөн жилийн дараа Түвдэд өргөн цар хүрээтэй, Хятадын эсрэг бослого гараад хатуугаар дарагдсан бөгөөд Далай лам Энэтхэгт зугтан гарсан байв.
БНХАУ-ын эрх баригчид энэ цагаарбүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэн тийшээ уугуул хятад хүмүүсийг нутагшуулан Түвдийг уусгах бодлого барьж иржээ. Одоо тэнд хятадууд хүн амынх нь есөн хувь болдог ч тэд эдийн засаг, бусад нөлөөний салбаруудад ноёрхож байна. Бээжин Түвдийг хөгжүүлж байгаа гэдгээр гол ухуулгаа хийдэг. Тавин жилийн өмнө түвдүүдийн хүүхдүүдийн хоёр хувь нь сургуульд хамрагдсан байсан бол одоо тэдний 99 хувь сургуульд суралцдаг гэдэг. Хятадын анагаах тархснаар сүүлийн жилүүдэд түвд хүний дундаж нас 35-аас 69 болсоныг бас хэлдэг.
Ойрын хэдэн сарын дотор Түвдийн автономийн районы (ТАР) нутаг дэвсгэрт гадаадад зорчих шинэ журам гарч ирэх нь тэндхийн уугуул иргэдийг гадагш бараг хөл тавих аргагүй болгож байгаа юм. Radio Free Asia мэдээлж байгаагаар, хоёр, гуравдугаар сараас эхлэн ТАР ба Хятадын бусад нутагт байгаа хүмүүс паспорт авахаа больж байна. Бүс нутгийг гадаадад төлөөлөх цөөн тооны түвд хүмүүс ч гадаадын томилолтоос ирэнгүүтээ паспортаа хураалгах болно. Үүний хажуугаар гадаад ирсэн хүмүүс цагдаагийн газар асуугдах болж байгаа гэнэ.
Ердийн түвд хүмүүс паспорт авах боломжгүй болж байгаа бол хятад хүмүүс өргөдлөө өгөөд 15 хоногийн дараа паспортаа авдаг ажээ. Хэрэв тэр нь бүтээгүй бол албан тушаалтан яагаад боломжгүйг тайлбарласан хариугаа зургаа хоногийн дотор өгөх ёстой. Түвдүүдийн хувьд тэр хууль үйлчлэхгүй. Тэдний өрөгдлийг олон шат дамжлагаар нэгд нэгэнгүй шалгасны дараа л ТАР-ны Цагдаагийн газарт хүргэдэг гэнэ.
Олон давхар шалгалтаар оруулсны дараа тэднээс “Хятадын нэр хүндэд халтай зүйл ярихгүй, элдэв хууль бус ажиллагаанд оролцохгүй” гэсэн ам өчигийг нь авч, гарын үсэг зуруулдаг байна. Тэд өргөдлийнхөө хариуг урт хугацаагаар хүлээдэг гэнэ. Энд мөнгө, танилын холбоо тусалж болох авч тэр нь түвдүүдэд байхгүй. Ингээд л тэд бараг паспортгүй үлдэж байна хэмээн дээрх радио ярьжээ.
Бичиг баримтын шинэ журмаас өмнө амжиж баримтаа авсан хүсүүс ч энэ асуудлыг тойрсонгүй. Учир нь Хятад 2012 оноос биометрийн паспортад шилжиж байна. Үүнтэй холбогдуулан түвдүүдээс паспортыг нь шууд хараасан байна. Харин хятад хүмүүс хуучин бичиг баримтын хугацаа нь дууссан ч гэсэн түүнийг шинэчлүүлж болох гэнэ. Номоор бол тэднийг шууд сольж өгөх ёстой. Гэтэл дахиад л төгсгөлгүй шалгалтууд эхэлсэн ба шинэ баримтыг харсан хүн гэж байхгүй аж.
Сүүлийн жилд түвдүүд гадаад явах эрхээ алдснаас гадна гаднаас мэдээлэл авах эрхгүй болж байна. Хятадын эрх баригчид Түвдийн зүүн хойд нутгаар тусгай отрядуудыг илгээн хувийн байр байшин, буддын сүм хийдийн хиймэл дагуулын нэвтрүүлэг хүлээн авах тавган антеннуудыг хураасан нь нэгдүгээр сард мэдэгдэж эхэлсэн юм. Тэд үүгээр орон нутгийнханд “Хятадын эсрэг явуулгыг” үзэх боломжийг хааж байгаа ажээ. Сөрөг хүчний Radio Free Asia эсвэл Voice of America нэвтрүүлгийг сонсдог хүмүүст тав хүртэл мянган юанийн торгууль тавьдаг болов. Тэрслүү үзэлтнүүдин талаар өгсөн матаас арав хүртэл мянган юаниар үнэлэгдэх болжээ.
Энэ арга хэмжээнд Хуаннань-Түвдийн автономийн тойрогын 300 сүм хийд хамрагджээ. Орон нутгийн эрх баригчид хураагдсан хүлээн авагчийн оронд 50 телевизийн дамжуулах төхөөрөмжийг суурилуулахаар 8,64 сая юанийг гаргасан байв. Шинэ төхөөрөмжөөр эрх баригчид орон нутгийн телевизийн сувгуудын 70 орчим хувийг дамжуулах ажээ. Эдгээр төхөөрөмжүүдийг дээд удирдлагын заавраар суурилуулснаас гадна тэднээр нутгийнхнийг хянах болно хэмээн олон хүн сэжиглэж байгаа гэнэ.
Эрх баригчид иймэрхүү аргаар түвдүүдийг сурган хүмүүжүүлж, гадаадад ихээхэн анхаарал татах болсон өөрийгөө шатаах эсэргүүцлийг дарахаар найдаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард орон нутгийн удирдлага тайлбарлахдаа, Далай ламтай холбоотой гэх эдгээр хэргүүдийн талаарх олон нийтийн санаа бодлыг цохих урсгалд нь оруулах хэрэгтэй гэсэн байв. “Хортой мэдээллийн хаах шаардлагатай” гэж мэдэгдэлд нь өгүүлсэн байв. Хятад тушаалтнуудын үзэж байгаагаар ТАР-ны хөдөөгийн оршин суугчид Хятадын эсрэг гадаадын хөтөлбөрүүдэд хэтэрхий автан олноороо өөрийгөө шатаах болсон байна. Мужийн тогтвортой байдлыг хангах үүднээс бүр орон даяараа түвдчүүдийг “илүү” мэдээллээс таслахаар шийджээ. Эдгээр шийдвэрээ гадны хэвлэл мэдээлэлд тайлбарлахаас засаг захиргаа нь татгалзав.
Түвдчүүд өөрсдийгөө шатаан, эсэргүүцэл илэрхийлж байгаа нь Бээжингийн толгойны өвчин болоод байна. Хятадаас Түвдэд явуулж буй бодлогыг эсэргүүцэн 2009 оноос хойш 100 орчим лам, хандмаа нар болон энгийн түвдүүд амиа золиосолсон байна. Тэд бүгд л Түвдэд автономийн давуу эрх, сүсэглэн бишрэх эрхийн эрх чөлөө мөн Далай ламыг эргэн ирүүлэхийг шаардсан юм. Орон нутгийн засаг захиргаа нь уугуул оршин суугчдыг хянах, болсон хэрэг явдлын талаар чимээгүй өнгөрөхийг хичнээн хичээсэн ч мэдээлэл маш хурдан тархаж байв. Үүнээс болон дэлхийн олон нийт Хятадын эрх баригчдад өөрсдийн дургүйцлийн давалгааг буулгасан юм. Гэхдээ үүгээр хэн ч Бээжинг ичээж чаддаггүй билээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард засагт гарч ирсэн Хятадын шинэ удирдлага “зулын гол” болох хөдөлгөөнийг хүчээр устгах чиг хандлагыг барьж эхлэв. Арванхоёрдугаар сард Бээжин өөрийн мэдлийн хэвлэл мэдээллээр болж буй хэрэг явдлыг салан тусгаарлагчид болох гадаадын дайснуудын явуулга гэж нэрлэв. Өөрийгөө шатаах ажиллагаанд тусладаг (энэ хэрэгт голчлон найз нөхөл, хамаатан садныг нь буруутгадаг) хүмүүс бол алуурчид гэж засаг захиргаа нь үзлээ. Эдгээр үгсийн дараа баривчилгаа, байцаалт дагалдан гарч ирсэн юм.
Түвдийн 1959 оны бослогын дараа Далай лам Энэтхэгийн хойд нутгийн Дарамсала хотод зугтан гарч орогножээ. Тэрээр тэнд Түвдийн хөөгдмөл гэх Засгийн газрыг олон жил толгойлж байгаад 2011 оны дөрөвдүгээр сард зөвхөн шашинаа толгойлохоор мэдэгдээд Засгийн газрын тэргүүний сонгууль явуулан Лувсан Сангай гэдэг хүнд тушаалаа Далай лам сайн дураараа өгөн огцорчээ. Далай лам мэдэгдэхдээ, XXI зуунд Засгийн газрыг ард түмнээс сонгогдсон хүн толгойлох ёстой гэсэн юм. Ингээд Түвдийн дэлхийн нийгэмлэгүүдэд сонгуульд явагдсан байв. Хөөгдмөл байдалд байгаа Түвдийн Засгийн газар нь бүс нутагтаа БНХАУ-ын бүтэцэд жинхэнэ бодит автономит эрхтэй болох талаар Бээжинтэй яриа хэлцэл явуулахын төлөө байна. Түвдчүүдийн хувьд XIV Далай лам нь шашины тэргүүнээр үлдэх бөгөөд харин түүнийг БНХАУ-д салан тусгаарлагч гэж зарлаад ирсэн билээ.
Энэ бүгдийн зэрэгцээ түвдүүд оршин суудаг мужуудад орон нутгийн ёс заншил, хэлний эсрэг ээлжит довтолгоон эхлээд байна. Автономийн сургуулиудын сурах бичгүүд хятад хэл дээр болсноос гадна Түвдийн зарим районуудад өвлийн амралтын цагаар сурагчдад үндэсний соёл, хэл бичиг заахыг сайн дурынханд хориглосон байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Түвд хэлийг өмнө нь зарим сүм хийдэд заадаг байсаныг одоо болиулж байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын засаг захиргаа түвд хэл ба соёлд зориулагдсан тохимолыг хэвлүүлэн оюутан сурагчдын дунд тарааж өгсөн байв. Уг тохимолд түвд хэлийг “ач холбогдлоо алдсан” гэж нэрлэсэн ба өөрийгөө шатаах нь “тэнэглэл” гэжээ.
Гэхдээ сүүлийн жилүүдийн практик нь хүчирхийлэл, айлгалт, хятадын сурталчилгаа зэрэг нь түвдүүдэд үйлчилдэггүй харуулж байгаа. Далай лам мөнхийн биш гэдэг нь л Хятадуудын ганц найдлага нь юм гэж шинжээчид үзэж байна. Тэр хүн бол асар их улс төрийн болон шашины нөлөөг дэлхийд харуулж чаддаг билээ. Одоо XIV Далай лам бүс нутгийн автономийн төлөө байгаа цагт хятадууд нутгийн хүмүүсийн санаа бодлыг хөтөлж чадахгүй. Гэхдээ Далай лам 77 настай.
Түвдийн шашины лидер 2011 онд мэдэгдэхдээ Далай ламын институт түүний үхлийн дараа үргэлжлэх үү гэдгийг одоо шийдээгүй гэсэн байв. Ерөн насыг дөхөх үедээ сүсэгтэн олонтойгоо энэ асуудлаар ярилцана гэж Далай багш хэлжээ. XIV Далай ламаар олон зууны уламжлал тасрахыг үгүйсгэж болохгүй. Тэр цагт түвдүүдийг гадаадад түүний хөөгдмөл Засгийн газар л төлөөлөх бөгөөд түүний үйл ажиллагаанаас л Түвд Хятадын хувьд ямар асуудалтай бүс болох нь хамаарна.