Виктория Азаренко Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Виктория Азаренко Австралийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

2013 оны эхний “Их Дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний
эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Белорусийн теннисчин Виктория
Азаренко аваргын төлөө Хятадын На Лиг 4:6 6:4 6:3-аар хожсноор
түрүүллээ.

Аварга болсныхоо дараагаар Азаренко ийнхүү ярьжээ.

“Би их жаргалтай байна. Удаан үргэлжилсэн хүнд тоглолт боллоо. На Ли
үнэхээр сайн тоглож байлаа. Тэр хоёр ч удаа унасан нь харамсалтай хэрэг.
Энэ тэмцээнд надтай тохиолдсон таагүй явдлын дараагаар аварга болж
чадсандаа сэтгэл хангалуун байна. Би анхаарлаа сайн төвлөрүүлж,
чадлаараа сайн тоглож чадлаа. Би тэмцэлд их дуртай.

Хамгийн чухал шийдвэрлэх үед би улам сайн тоглож чадаад байлаа.
Иймэрхүү тоглолтод чухал үед л сайн тоглож хэрэг байдаг. Хоёр, гурав
дахь үед би сайн тоглож чадсан. Харин эхний үед На Ли хүчтэй довтолж,
намайг бүрэн давсан. Гэвч би дараа нь боломжоо ашиглан тоглосон.

Би аваргын алдраа хамгаалах ёстой шүү гэж бодолгүй зүгээр л хожчих
юмсан гэж тоглосон. Ийм ялалтын дараагаар тамирчны ур чадварын хувьд ч,
хүний хувьд ч улам сайжрах болно. Сүүлийн хэдэн өдөр надад хүнд туссан ч
би юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Хамгийн гол нь тайван байж,
хүндрэлийг давах ёстойг ойлгосон. Ийм нөхцөлд сайн тоглож чадсандаа
сэтгэл хангалуун байна”

Австралийн нээлттэй тэмцээний аваргын цом дээр зохион байгуулагчид
Азаренкогийн нэрийн ард Белорусь буюу BLR гэж бичих ёстой атал BEL буюу
Бельги хэмээн бичиж, бүдүүлэг алдаа гаргасан дуулиан тариад байна.

Харин аваргын төлөө тоглолтод хоёр ч удаа унаж бүтэлгүйтсэн На Ли
“Яагаад би унасан бэ гэж үү? Тэнэг болохоороо л тэр байхгүй юу. Хичнээн
жил корт дээр унаагүй хэрнээ өнөөдөр бүр хоёр ч удаа уначих юм” хэмээн
ярьсан юм.

Р.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж