Төрийн банкны ТУЗ шинэчлэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

“Зоос” банкны суурин дээр боссон “Төрийн банк”-ны шинэхэн захирал Д.Батсайхан өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан бол шинэхэн захирлын томилгоотой зэрэгцэн  тус банкны ТУЗ-ийг мөн шинэчилжээ.

Өмнөх ТУЗ-ийн гишүүд нь авлига, иргэдэд олгодог бага хүүтэй зээлийг танил талдаа олгодог байсан  зэрэг хэрэгт нэр холбогдсон учир ийн өөрчилсөн бололтой. Төрийн банкны  шинэ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат томилогдсон бол гишүүдээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн, Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатар, Сангийн яамны Төсвийн санхүүжилт, зохицуулалтын газрын дарга Т.Доржханд, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Сангийн яамны Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Д.Болдбаатар нарыг тус тус томилсон байна. Мөн Ч.Сайнбилэг, М.Дөш нарыг хараат бус гишүүнээр томилжээ.

Банкны үйл ажиллагааны ашиг гэж жилд 90 сая төгрөг авч байсан гэгдээд буй Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Баясгалан, Сангийн яамны санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, тус яамны хууль эрхзүйн газрын дарга Б.Ганбат, тус яамны дотоод аудитын газрын дарга байсан Гэрэлмаа, Үндэсний шинэтгэлийн хорооны дэд дарга байсан Л.Зоригт, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар өмнө нь Төрийн банкны ТУЗ-д байсан билээ.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж