
Өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 13 га газарт амьдардаг 140 өрхийн төлөөлөлтэй 58 дугаар сургууль дээр уулзалт хийсэн байна. Тус газрын урьдчилсан төлөвлөлтийн зураг төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр танилцуулжээ. Уулзалтйн НИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийн оролцоонд тулгуурлана. Оршин суугчид зөвшөөрөхгүй нөхцөлд ямар нэг төлөвлөлт хийхгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс газрын эзэн та ямар нэг хохирол амсах учиргүй. Гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн оролдлого урьдын дөрвөн жилд буюу нийслэлийн хуучин удирдлага хэрэгжүүлэх гэж оролдоод иргэд хохирсон явдал гарсан байна. Тэгвэл одоогийн дахин төлөвлөлт тэр алдааг давдахгүй. Иргэдэд газраа нийтийн орон сууцаар солих уу, Таун хауст, амьдрах уу гэх зэрэг сонголтууд гарч ирнэ. Тэр сонголтыг олон талаас нь сайн бодох хэрэгтэй” гэдгийг онцлон хэлсэн юм.
Иргэд хотын удирдлагуупаас газрыг ямар үнээр чөлөөлөх, нэг хашаанд амьдардаг хоёр өрхийн нэг нь яах вэ, моргейжийн зээлд хамруулах уу гэх зэрэг асуулт тавьж байлаа. Тэр бүхэнд холбогдох албан тушаалтнууд “ Энэ бол нарийвчлагдан, иргэн, хөрөнгө оруулагч, нийслэл гурвын дунд дахин, дахин олон удаа яригдаж байж шийдвэрлэх зүйл. Одоо бол дахин төлөвлөлтийг хийх үү, үгүй юу гэдэг зарчмыг бид хамтарч шийдвэрлэнэ. Та бүхэн дэмжиж санал өгвөл НИТХ-ын ээлжит хуралдаанд ажлын хэсэг оруулж эцсийн шийдвэр гаргах болно гэсэн хариулт өгсөн юм. Оршин суугчид удтал хэлэлцсэний эцэст Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 13 га газарт амьдардаг 140 өрх дахин төлөвлөлтөд орох нь зөв гэсэн шийдвэр гаргасан юм. Оршин суугчдын гаргасан энэ шийдвэрийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. СБД-ийн 15,17 дугаар хороо буюу Дамбадаржаагийн гэр хороололд нийт 122 га газарт дахин төлөвлөлт хийх боломжтой ажээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзаж,саналыг нь сонсчээ. Тус хорооны 177 хашаа дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа бөгөөд эхний ээлжинд 92 айлын амины орон сууц, 104 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа юм. Амгаланд тохилог амины сууцнаас гадна, газар доор граж барьж, цэвэр усны асуудлыг төвлөрсөн шугамаас холбох боломжтой. Харин цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар төлөвлөсөн бол дулааныг одоо байгаа Алтангадас ХХК-ны уурын зуухыг өргөтгөн барьснаар шийдвэрлэнэ гэж тооцжээ. Мөн иргэдийг амины орон сууцтай болгохоос гадна тус хороог Баянзүрх дүүргийн төв болгохоор төлөвлөсөн байна. Иргэдийн дийлэнх нь томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаг хугацаа алдалгүй ажлаа эхлүүлэхийг хүссэн бол дахин төлөвлөлтөд тусгасан амины орон сууцын дизайныг өөрсдөө гаргах боломж бий эсэх, эхний ээлжинд хамаарагдаж байгаа хороодуудаас өөр газар нутгийг хамруулах , дахин төлөвлөлтийг дэмжлээ гэхэд хөрөнгө санхүүг хаанаас гаргах зэргийг тодруулан асууж байв.
Чингэлтэй дүүргийн долдугаар хороо нь 241 га газартай, 3100 айл өрхтэй нийслэлийн томоохон хороодын нэг. Тус хорооны хувьд эхний ээлжинд 51 айлын хашаа буюу 11 га газарт дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож санал өгсөн иргэдийн 92 хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн байна. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны хувьд дахин төлөвлөлт хийхэд хамгийн тохиромжтой гэж холбогдох албан тушаалтнууд үзэж байгаа. Учир нь:
- Халаалт шийдэгдэх нөхцөл бүрдсэн /Тус хороонд байх Зэвсэгт хүчний 253-р ангийн халаалтын зуухын хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар шийднэ/
- Цэвэр усны төв шугамтай хамгийн ойрхон
- Бохирын асуудал бүрдсэн /Монголын олон нийтийн радио, телевизийн бохирын шугамд холбох боломжтой/
- Цахилгааны дэд станцтай.
Тухайн хороонд ажилласан ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн хэлж байгаагаар тус хороо хамгийн түрүүнд дахин төлөвлөлтөд хамрагдаж иргэд нь тохилог амины орон сууцанд орох боломжтой ажээ. Тиймээс иргэд ч газраа дахин төлөвлөлтөд оруулж, амины орон сууцтай орчин үеийн хороолол болгохыг дэмжсэн байна.