З.Алтай Элчин сайд болох уу

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

З.Алтай Элчин сайд болох уу

Монгол Улсаас гадаад улсад суух элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаа дууссан эсвэл өөр шалтгаанаар эргүүлэн татах, томилох асуудлыг Засгийн газар болон УИХ хэлэлцэн баталдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Швед, Чех  зэрэг хэд хэдэн улсад элчин сайдаар суух төлөөлөгч нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон  байна.

Ерөнхийлөгчид өргөн барих нэрсийн дунд УИХ-ын гишүүн асан З.Алтай, Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаа өгөөд удаагүй Д.Зүмбэрэллхам нарын нэрс байна. УИХ-ын гишүүн асан ИЗНН-ын гишүүн З.Алтай 2008 онд бие дааж, дөрвөн жил УИХ-д суусан. Харин 2012 онд ИЗНН-аас нэр дэвшиж, ялагдсан. УИХ-ын сонгуулиас хойш нам жим байсан З.Алтай ийнхүү Шведийн Вант улсад элчин сайдаар суухаар нэр нь өргөн баригдахаар болоод байна. УИХ-ын сонгуулийн дараа Үүргэвчтэй аяллаа үргэлжлүүлэх гээд тооны машин газрын зураг бариад замын зардал, маршрутаа тооцож сууна гэж байсан тэрээр харин энэ удаа Шведэд төрийн зардлаар үүргэвчтэйгээр аялах бололтой.

Харин Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд удаагүй байгаа Д.Зүмбэрэллхамыг Чех улсад элчин сайдаар суулгахаар нэрийг нь өргөн барихаар болжээ.

Элчин сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх юм. Гэхдээ ерөн бол Элчин сайд болох нь тодорхой, намууд зөвшилцөөд нэрийг нь өргөн барьж байгаагаас хойш батлах нь тодорхой. Элчин сайд нараар томилогдох нөхдийг УИХ дээр худлаа баахан байцааж, захиа сануулга өгч байгаад л баталдаг шүү дээ. Элчин сайдын нэрийг батлахгүй буцааж байсан тохиолдол ч бараг үгүй билээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж