Ованес Айвазян өнгөрсөн зургадугаар сард “Тоска” дуурийн нэгэн гялалзсан од нь болж хоолойны хүч чадал жүжиглэлтээрээ үзэгчдийг байлдан дагуулсан. Түүнтэй хамт “Тоска” дуурьт Монголын шилдэг сопрануудын нэг Б.Эрдэнэтуяа тоглосон. Б.Эрдэнэтуяа дүрдээ 100 хувь уусдаг, гайхалтай хоолой, чадварлаг жүжиглэлттэй шилдэг дуучны хувьд “Тоска” дуурийн бас нэгэн шигтгээ нь болсон юм. Түүнчлэн “Тоска” дуурийн хорон санаат түшмэл Скарпьяг үзэгчид үзэн ядтал нь амилуулж чадсан эрхэм бол баритон Ц.Баттөр. Тэд энэ удаад ч хамтдаа дахин үзэгчдийг “Тоска”-д “уруу татах” нь.
ДБЭТ-ыг зорин Армен тенор Ованес Айвазянтай бэлтгэлийн завсарлагаанаар нь уулзлаа.
-Тантай дахин уулзсандаа баяртай байна. Уран бүтээлч хүний хувьд өнгөрсөн 2012 оныг хэрхэн үдэв, энэ жил ямар ажил төлөвлөөд байна. Таныг дуулгах сайхан мэдээтэй ирсэн байх гэж бодож байна?
-2012 он бол миний хувьд амжилт авчирсан маш сайхан жил байсан. 2013 он бас амжилт дүүрэн эхэлж байна. Учир нь би Монголд ирэхийн өмнө “Большой театр”-т уран бүтээлээ сонсгон баяртай хариу хүлээн авсан. Тэгээд Монголдоо хүрч ирлээ. 2013 он ийм сайхан эхэлж байгаа юм чинь тэр чигээрээ амжилт, уран бүтээлээр дүүрэн байх гэж найдаж байна.
-Та зөвхөн Армяндаа дуулахаас илүүтэй олон оронд уригдан дуулдаг гэсэн. Монголоос мордоод дараа нь хаана, ямар дуурийн дүрд хувирахаар бэлтгээд байгаа бол?
-Би Монголд дахиад арав хоногийн дараа буцаж ирнэ. Одоогийн байдлаар миний хувьд хамгийн том хариуцлагатай тоглолт гэх юм бол ирэх дөрөвдүгээр сард Канадад тоглох “Турбадур” дуурь. Би энэ дуурьт анх удаагаа тоглож байгаа. Тийм болохооор их чухалчилж догдолж байна л даа.
-Монголын тайзнаа “Тоска” дуурьт анх удаа дуулж байхад тань бид тоглолтын өмнө уулзаж байсан. Одоо хоёр дахь удаагаа тоглох гэж байна. Анхны тоглолтын дараа төрсөн сэтгэгдэл, мөн дахин тоглох гэж байгаа талаараа сонирхуулахгүй юу?
-Миний 2012 оны зургадугаар сарын тоглолтоос хүлээж байсан бүхэн биелсэн. Яагаад гэвэл уран бүтээлч бид өөрсдийнхөө төлөө биш үзэгчдийн төлөө ажлаа хийдэг хүмүүс байгаа. Үзэгчид бидний анхны хамтран тоглосон “Тоска” дуурийг халуун, дулаан хүлээж авсан. Тийм болохоор би тэр тоглолтоо үзэгчдээрээ хэмжиж, маш сайхан болсон болов уу гэж бодож байгаа.
-Хамтран ажилласан Монголын уран бүтээлчдийн тухай та юу хэлэх вэ?
-Эдгээр уран бүтээлчдийн тухайд би зөвхөн сайн сайхныг хэлж чадна. Би том үг, магтаалд дургүй. Гэхдээ хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ тухайд тэд бол мэргэжлийн уран бүтээлчид гэдгийг л онцлон хэлмээр байна.
-Монголын үзэгчдэд та “Тоска” дуурийн Квардовскийн дүрээр танил болж байна шүү дээ. Гоё байна. Цаашид манай тайзнаа өөр дуурьт тоглох уу? Таныг бас өөр дуурийн дүрээр хармаар байна?
-Ирээдүйд бидэнд хамтран ажиллах өөр хүсэл мөрөөдлүүд байгаа. Одоогийн байдлаар Францын нэрт хөгжмийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурийн Хозегийн дүрд дуулахаар ярьж байгаа. Гэхдээ хамгийн гол би нааш цааш явж, уран бүтээлээ толилуулдаг учраас цагийн хуваарь, байгуулсан гэрээ маань боломж өгөх нь үгүй юу. Ямар ч байсан бид одоогоор “Кармен” дуурийн Козед дуулах тухай ярилцаж байгаа. Ирээдүйд олон дууриудыг танай тайзнаа хамтран тоглоно гэж найдаж байгаа.
-Та шахуу хуваарийн дагуу Европын олон орны тайзнаа уригдан уран бүтээлээ тоглодог . Харин Азид…?
-Азид гэвэл өнгөрсөн жил анх удаа БНХАУ-ын “шувууны үүр” цэнгэлдэхэд болсон “Пласидо Доминго”-ын уралдаанд оролцоод тэндээсээ шууд Монголд анх удаа ирж, “Тоска” дуурьт тоглосон.
Мөн энэ үеэр ДБЭТ-ын шилдэг сопрануудын нэг гоцлол дуучин Б.Эрдэнтуяатай уулзсан юм. Тэрээр “Тоска” дуурийн гол дүр Флория Тоска бүсгүйн дүрийг Армяны тенортой хамтран дахин тайзнаа эгшиглүүлэх гэж байгаа юм.
-Та олон орны тайзнаа дэлхийн шилдэг дуурьд тоглож байсан шүү дээ. Орон орны өөр, өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлчидтэй хамтран ажиллах ямар байдаг бол? Армяны тенортой хоёр дахь удаагаа хамтран дуулах гэж байна?
-Хамгийн гол нь бид аль ч орны тайзнаа нэг хөгжмийн зохиолчийн нэг зохиолыг дуулдаг. Манай ДБЭТ сүүлийн үед дууриудаа дандаа итали хэлээр нь тоглож хийж байгаа. Энэ нь бидэнд олон улсын хаалгыг нээж өгдөг. Ованес Айвазян маань ч гэсэн итали хүн биш ч энэ дуурийг итали хэл дээр л дуулж байгаа. Тэгэхээр үүгээр дуурьт хэлний мэдлэг ямар чухал нь харагдаж байгаа болов уу.
-Дуурийн дуучдын хувьд итали хэл бол мэдээж хамгийн сайн мэдэж байх ёстой хэл болов уу, тийм үү?
-Уран бүтээлчид, дуучид бид нар нэг хүний бүтээсэн бүтээлийг дамжуулдаг аппарат байхгүй юу. Бид зохиодог, бүтээдэг хүмүүс нь биш. Тиймээс тэдгээр бүтээлийг аль болох хөгжмийн зохиолчийн бүтээснээр нь л цаашаа дамжуулах ёстой. Хэчнээн бид үүнд нь үнэнч зүтгэнэ, төдий чинээ бид бусад орны дуучидтай хамтрахад нээлттэй болно. Дуурь бол мэдээж хэрэг клавирт бүгдээрээ бичээстэй байдаг. Илүү, дутуу юм ганц ч байхгүй. Бидний дэлхийн хаана ч байсан нэг л нотоор уг дуурийг тоглодог. Өнөөдөр Ованес Айвазяны барьж байгаа болон миний барьж байгаа нот яг ижилхэн. Тэр бүү хэл бидний тайзан дээр хийж байгаа драмчилсан үйлдэл бүрийг хөгжмийн зохиолч нотон дээр бичээд өгчихсөн байгаа юм. Хуучин цагт найруулагч гэж мэргэжил байгаагүй. Хөгжмийн зохиолч клавир дээр энд ингэж хоорондоо ойртоно, тэнд түлхүүрээ олно, энд муухай аашилна гээд бүгдийг нь тавиад өгчихсөн байдаг. Үүнд л үнэнч байх тусам аль орны тайзнаа тоглох, тэдгээр уран бүтэлчидтэй харьцахад амар байдаг.
-Өөр орны театрт очоод хамтран ажиллахад найруулагчийн зүгээс тухайн дүрт ингэж ажилла гэж нэмж хэлэх тохиолдол тэр бүр байхгүй байх нь ээ?
-Байхгүй. Жишээлбэл намайг гадаадад дуулж байхад “Уучлаарай, та энэ хаалгаар орно, энэ хаалгаар гарна” гээд л болоо. Дунд нь юу хийхийг тэд мэдэж, би ч мэдэж байгаа. Би гэдэг хүн чинь өөрийн гэсэн дүрийг гаргачихсан, хөдөлгөөнтэй хүн. Миний өөрийн театрт юм уу, удаан хугацаагаар хоёр сараас дээш хугацаагаар тухайн театр ажиллах бол найруулагч надаас өөр зүйл шаардаж болно. Энэ дүрдийг бүтээхдээ яг энэ хэсэгт гараа ингэж хөдөлгө, ингэмээр байна гэж хэлж болно. Ованес Айвазян шиг лхагва гаригт ирээд бүтэн сайн өдөр дуулна л гэсэн дуулаад л гардаг.
PS:Тэд маргааш ДБЭТ-ын тайзнаа 17.00 цагт “Тоска” дуурийг хамтдаа дахин эгшиглүүлэх юм.
Өнгөрсөн VI дугаар сард тайзнаа амилсан "Тоска" дуурийн гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү