Хөрөнгийн биржид хөл тавьж болох уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржид хөл тавьж болох уу?

Монголын хөрөнгийн биржээс өнөөдөр зохион байгуулсан нээлттэй өдөрлөгөөс хийсэн тэмдэглэлийг  хүргэж байна.

Иргэн бидний гар дээр үндэсний хэмжээний компанийн хувь 1072 ширхэг хувьцаа бий.  Монголчууд гэв гэнэт л  ингээд хувьцаатай болчихож билээ. Үнэндээ энэ “марк”-ийн ид шид нь чухам юу билээ,  тэр хувьцаа гэгч нь хаана ч  “яваа”-г мэдэхгүй хүмүүс ч байгаа л байх. “Эрдэнэс Тавантолгойн”  компанийн ирээдүй бүрхэг, хувь заяа нь тодорхойгүй болсон хэдий ч бид араас нь сураг тавьж л суух учиртай. Монголын Хөрөнгийн биржид хэдэн ширхэг хувьцаа арилжсан тухай мэдээлэл өдөр бүр зурагтаар гардаг хэдий ч энгийн үзэгчдэд ойлгомжгүй санагддаг байх. Тэгвэл энэ хандлагыг өөрчлөх, иргэдийг хөрөнгийн зах зээлд татан оруулах  талаар Хөрөнгийн биржийнхэн ажиллаж эхэлжээ. Жил бүр зохион байгуулдаг нээлттэй өдөрлөгийн энэ удаагийн хандлагыг өмнөхөөсөө өөрчлөхийг хичээж буй бололтой. Чухамдаа хувьцаа гэгч нь хэр өгөөжтэй эсэх , үүнийг хэрхэн эзэмших ёстой болохыг иргэд эндээс ойлгох учиртай юм.

Монголын Хөрөнгийн биржийн мэргэжилтэн Ү.Тэмүүжингийн хэлсэн үгнээс  иш татъя. Тэрээр  “Өнгөрсөн 2011 онд Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнд тусгасан ажлуудын нэг нь  хөрөнгийн зах зээлийн бүтцийг сайжруулах, дотоодын хөрөнгө оруулагч буюу ард иргэдийг татан оролцуулах явдал юм. Тиймээс болж өгвөл сар бүр ийм нээлттэй өдөрлөг зохион байгуулмаар байна.” гэсэн. Түүний үгнээс энэ зах зээлд тодорхой хүрээний бус олон нийтийг татан оролцуулах  сонирхол харагдаж байгаа юм. Ер нь хувьцаа гэж юу болох, энэ нь ямар ач тустай эд болохыг эхлээд тайлбарлая.

Давуу тал. Хөрөнгийн зах зээлийн хамгийн давуу тал нь хөрөнгө мөнгөний хэмжээ хязгаар тогтоодоггүй.  Хэн ч  хэдэн ч төгрөгтэй байсан хувьцаа худалдаж авч болно. Нэгж үнэ нь 100 төгрөг ч байдаг гэнэ. Анх худалдан авсан нэгж үнэ цаашид үнэд орох боломжтой. Бэлэн мөнгө хэрэгтэй болсон үед хувьцаагаа шууд худалдаж болно. Гэхдээ энэ нь зарим компанийн үнэ цэнээс хамаарч хөрвөх  чадвар нь сайн, муу үр дүнгийн аль аль нь гарна. Эзэмшиж буй хувьцааны тоотой тэнцэх хэмжээгээр компанийн ТУЗ-ийг сонгох эрхтэй. Муу ажилласан бол менежментийн багийг “загнаж” болно. 

Сул тал. Хөрөнгө оруулсан компани нь дампуурвал сохор зоос ч эргэж “ирэхгүй”. Анх худалдаж авсан үнээс ч хямдхан болж магадгүй. Ихэнх хувьцаа удаан хугацаанд өгөөжөө өгдөг. Үүнээс ашиг хүртэхийн тулд хувьцаагаа хэдэн жил хадгалах хэрэгтэй. Мэргэжлийн бус хүн, ам дамжсан ярианд үндэслэн хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй.

Тэгвэл Тавантолгойн хувьцааны ач холбогдол цаашид бий гэж үзэх болох уу  гэсэн асуултад  өв залгамжлал ямарваа нэгэн захиран зарцуулах гүйлгээ хийж болно гэсэн хариултыг Хөрөнгийн биржийнхэн өгсөн. Үүнийг асууж сурагласан хүмүүс ч тэнд нэлээд харагдсан . Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” компани  хувьцааныхаа нэрлэсэн үнэ буюу IPO-гаргаж эхлээгүй ч хувь зэмших хүсэлт гаргасан иргэнд брокер, дилерийн компаниуд  төвлөрсөн хадгаламж дахь дансыг нээж өгч буй гэнэ. Өдөрлөгт ахмадууд идэвхтэй оролцож байгааг хараад бага зэрэг гайхлаа. Тэгсэн нөгөө үлгэр домог шиг л яригддаг цэнхэр, ягаан тасалбарын “араас” яваа юм байна.  “Тухайн үед  Улсаас үнэ төлбөргүйгээр 10 мянган төгрөгийн эрхийн бичиг бүхий цэнхэр ягаан тасалбар тараасан. Тэгвэл одоо үүнийг “сэргээж” болно.  Хэн хаана ямар брокер, дилерийн  компанид хувьцаа эзэмшиж байгаа тухай  мэдээлэл гарч ирнэ” гэж  хөрөнгийн биржийнхэн ахмадуудад тайлбарлав. Хөрөнгө оруулаагүй хэрнээ хувьцааг нь  худалдаж авсаар байгаад хожим нь  том компанийн эзэн нь болж томордог тухай гадаадын киноноос  бишгүйдээ л харж байсан. Үгүй ядаж дийлэнх нь хувийг нь эзэмшдэг бол бусдад үнэд орох маягтай. Тавантолгойн хувьцаа “үхсэн ч бай сэхсэн ч бай”  аливаа компанийн  хувь эзэмшихийг хүссэн хэн бүхэн энэ өдөрлөгийг зорих нь зүйтэй юм. Хөрөнгийн биржийнхэн  дотоодын хөрөнгө оруулагч буюу энгийн биднийг хөрөнгийн зах зээлд хөл тавихыг уриалаад байгаа нь ч сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

Э.ГАНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж