Инфляцийн эсрэг хүүг бууруулж тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

Инфляцийн эсрэг хүүг бууруулж тэмцэнэ

Монголбанк бодлогын хүүг 13.25 хувь байсныг бууруулж, 12.5 хувь болгож байгаагаа баасан гаригт мэдэгдлээ. Инфляци өсөхийн хэрээр үүний эсрэг арга хэмжээ болгож,  Монголбанк бодлогын хүүгээ бага багаар нэмсээр ирсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 13.25 хувь болгожээ. Харин баасан гаригт гаргасан шийдвэрээр бодлогын хүү үүнээс 0.75 нэгж хувиар буурч, 12.5 хувь болов.

Монголбанкны бодлогын хүүгийн төвшнөөс шууд хамааралтайгаар арилжааны банкуудын зээлийн хүү өсч, буурч байдаг. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү өсөх тохиолдолд зээлийн хүү өсч, буурах үед даган буурна гэсэн үг. Энэхүү хамаарлын зүй тогтлыг нь ашиглан инфляцид нөлөөлөх арга хэрэгсэл болгож, бодлогын хүүгээр Монголбанк “тоглосоор” ирсэн хэрэг.

Нэгдүгээрт, бодлогын хүүг нэмэх замаар арилжааны банкуудын зээлийн хүүг өсгөх. Энэ тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжийн банкнаас зээл авах сонирхол хязгаарлагдаж, улмаар зах зээл дээр гарах бэлэн мөнгөний хэмжээ багасна. Бэлэн мөнгө багассанаар худалдан авалт саарч, эрэлт буурна. Нийлүүлэлтээс давсан эрэлт буурснаар юмны үнэ өсөх явдал буюу инфляфи саарна. Ийм байдлаар инфляцид нөлөөлж, өсөлтийг нь барих зорилгоор Монголбанк бодлогын хүүг нэмэх арга хэмжээ авч байсан.

Хэдийгээр энэ нь инцляцид нөлөөлөх боловч нөгөө талдаа банкны зээлээр голдуу эргэлтийн хөрөнгөө босгодог бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд сөргөөр тусч, тэдний нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүний хэмжээ багасах талтай. Нийлүүлэлт нь багасаад ирвэл эрэлт нь ихэсч үүнийг дагаад дахиад л үнийн хөөрөгдөл гаарна.
Эрэлт, нийлүүлэлт нь аливаа бараа, бүтээгдэхүүний үнийг тогтоодог. Тэгэхээр бодлогын хүүг нэмэх замаар эрэлтийг бууруулж, үнийг барих бодлого маань зохистой хэмжээнээс хэтэрвэл нийлүүлэлтийг хумьж, эргээд эрэлтийг ихэсгэж үнэ хөөрөгдөх хөшүүрэг болдог гэсэн үг.

Инфляцид нөлөөлөх олон арга хэрэгсэл байдаг ч Монголбанк  эдгээрээс зөвхөн нэгийг нь буюу бодлогын хүүг хөдөлгөх аргыг л сонгосоор ирсэн гэж шүүмжлэгчид цөөнгүй байдаг. Нөгөө талаас бодлогын хүүг нэмэх замаар зах зээл дээрх бэлэн мөнгийг хумьж, эрэлтийг багасган инфляцийг сааруулна гэдэг нь харганы ноос түүж эсгий хийхтэй адил үр дүн нь удаан хугацаанд гарах, найдвар багатай арга ч гэж шүүмжлэх нь бий. Энэ нь үнийн өсөлтийн эсрэг ганц санхүүгийн арга хэрэгслээр биш бодлогын хүрээнд ажиллах ёстой, Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл юм.

Харин Монголбанкны өнөөгийн удирдлагууд  2009 оноос хойш бодлогын хүүг бууруулж байгаа алхмаа тайлбарлахдаа “Үнийн өсөлт буюу инфляцийг сааруулах талаар хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээ, салбар яамдын бодлого нь үр дүнгээ өгч байна гэж үзээд ийнхүү бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргаж байна” гэв.

Юутай ч энэ удаад Монголбанкны өнөөгийн удирдлага бодлогын хүүг буурууллаа. Энэ нь зах зээл дээрх бэлэн мөнгийний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засгийн эргэлтийг дэмжиж, өсөлт авчирна гэж тооцооллоо. Харин ч бүр оны эцэс гэхэд инфляцийн хувь нэг оронтой тоо буюу 8 хувьд хүргэх зорилтод эергээр нөлөөлнө гэж үзжээ.  Монголбанкны өмнөх удирдлагууд инфляцийн эсрэг бодлогын хүүг нэмж тэмцдэг байсан бол өнөөгийн удирдлага хүүг бууруулж тэмцэхээр боллоо.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж