Шинэ оны өмнө элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор Энэтхэг улсыг зорьсон М.Сайханбилэг хүү өчигдөр хагалгаанд оржээ. Ой гаруйхантай ихрийн өрөөсөн хүү элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай ч эмчилгээний зардал үгүйгээс үхлийн ирмэгт хүрээд байгаа талаар мэдээлэл гарч, сайхан сэтгэлтэй хүмүүс тусалснаар эхний эмчилгээний зардал цугларч эмчилгээ хийлгэхээр болсон билээ.
Өчигдөр 10.00 цагаас эхэлсэн уг хагалгаа 01.00 цаг өнгөрч байхад дууссан байна.
Хагалгаа амжилттай болсон талаар М.Сайханбилэг хүүгийн аав нь фэйсбүүк хуудастаа бичсэн байна. Өнөөдөр хүүг ээжтэй нь уулзуулах юм байна.
Энэ талаар Улаанбаатарт байгаа өвөөтэй нь холбогдоход “Хагалгаа амжилттай болсон. Донор хүүгийн ч М.Сайханбилэг хүүгийн бие ч мөн сайн байгаа. Өнөөдрөөс ээж нь хүүтэйгээ уулзана. М.Сайханбилэг хүүгийн аавынх нь дүү болох 25 настай дүү донор нь болсон. Сайхан сэтгэлт ард түмний буянаар хүүгийн минь хагалгаа сайхан боллоо. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа” гэж чин сэтгэлийн үгээ биднээр дамжуулсан юм.
Ш.ЧИМЭГ