
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр нээлтэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж”, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, брокер, дилерийн компаниуд болон төлбөр, тооцоо гүйцэтгэгч банк зэрэг байгууллагууд нэг дор байрлаж, олон нийтэд брокерийн болон төлбөр тооцооны данс нээх, данстай иргэдийн дансыг шүүх, ногдол ашгийн талаарх мэдээлэл өгөх, үнэт цаастай холбоотой мэдээ мэдээллээр хангаж, иргэдийн санал хүсэлтийг бүрийг хүлээн авч “нэг цэгийн үйлчилгээ” үзүүлж буй юм. Биржийн ахлах мэргэжилтэн Ү.Тэмүүжин энэ удаагийн өдөрлөгийг “Одоо дөнгөж өглөөний 10 цаг өнгөрч байгаа хэдий ч хүмүүс идэвхтэй ирж сонирхож байна. Хөрөнгийн зах зээлд дотоодын хөрөнгө оруулагч буюу ард иргэдийг татан оруулах үйл ажиллагааг цаашид идэвхтэй хийх болно. Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран өнгөрсөн 2011 онд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнд тусгасан ажлуудыг гүйцэтгэж, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, хууль эрхзүйн орчны талаас дотоод журам шинэчилсэн байгаа” гэж онцолсон юм.
Э.ГАНАА