1945 оны наймдугаар сарын есөнд ЗХУ Японд дайн зарлав. Мөн сарын арванд
БНМАУ Японд дайн зарласан тухай Улсын Бага Хурал, Засгийн газрын
тунхаглал нийтлэгдэв. Цэрэг, дайчдыг дайнд үдэж мордуулахдаа Х.Чойбалсан
үндэс угсаа, хэл соёл, зан заншил, шашин мөргөл нэгтэй
Өвөрмонголын ард түмнийг Япон, Хятадын дарлалаас ангижруулах нь Ардын
хувьсгалт цэргийн байлдааны нэг зорилт мөн гэж тэмдэглэжээ.
Энэ бол Өвөрмонголын ард түмэнд өөрсдийнх нь хувь заяаг өөрсдөөр нь
шийдвэрлүүлэх бололцоо олгох гэсэн шударга зорилт байв. Түүний хамт
"Монгол овогтон нэгэн гэр улс болох" эрмэлзлэлтэйгээ зарлан мэдэгсэн
байна. Чойбалсан 1945 оны наймдугаар сарын арванд Монголын ард түмэнд
хандаж радиогоор хэлсэн үгэндээ "…Бид баатар улаан цэрэг болон нэгдсэн
улс үндэстний хамт Японы фашистуудыг бүрмөсөн устгаж, Японы түрэмгийлэн
эзлэгч нарыг бут цохисны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар
тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг
хангах болно" гэжээ.
Панмонголист үзлийн өчүүхэн төдий
илрэлийг хатуу буруушааж байсан тэр үед энэ нь гагцхүү Чойбалсангийн
толгой мэдэж хийх ажил биш байв. Гэтэл энэ асуудлыг хөндөж тавьснаар
барахгүй, дэлхий дахинд зарлан мэдэгдсэн нь Сталин, Чойбалсан нар
харилцан зөвшөлцсөнтэй холбоотой юм. МАХЦ Японы эсрэг дайнд хойд Хятад
ба Манжуур дахь дайсны хуурай замын хүчийг таслан зааглаж, стратегийн
зорилтоо ханган биелүүлжээ.
Түүнчлэн Өвөрмонголын олон
түмнийг Японы дарлалаас чөлөөлөх ариун үүргээ ч нэр төртэй гүйцэтгэсэн
байна. Гэвч дэлхийн дайн дуусч олон улсын байдал үндсээрээ өөрчлөгдөв.
1945 оны хоёрдугаар сард Ялт (Крым)-д болсон холбоотон гурван гүрний
гаргасан шийдвэр биелэгдэж эхэлжээ. 1949 онд БНМАУ-тай нийлж нэгдэх
гэсэн Өвөрмонголын ард түмний хөдөлгөөн Өвөрмонголын өөртөө засах
хөдөлгөөнөөр хязгаарлагдсан учир Чойбалсангийн дэвшүүлсэн дээрх зорилт
биелэгдэж чадсангүй.
Монголын тусгаар тогтнолын
асуудлаар 1945 оны наймдугаар сард Зөвлөлт Холбоот улс ба Дундад иргэн
улсын Гадаад явдлын яамны сайд нар ном бичиг солилцож тусгаар тогтнолоо
батлах асуудлаар мөн оны дөрөвдүгээр сарын 20-нд Монголын ард түмний
дунд санал хураалт явуулсан байна. Дундад Иргэн улсын Засгийн газар
Монголыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс хэмээн албан ёсоор хүлээн
зөвшөөрч дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэжээ.
1946
оны хоёрдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Засгийн
газрын төлөөлөгчид Москвад очиж ЗСБНХУ- ын Засгийн газартай хэлэлцээ
хийж мөн сарын 27-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд найрамдал, харилцан
туслалцах гэрээ, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай
хэлэлцээр байгуулж гарын үсэг зуржээ.
Большевикууд үндэстнийг нэгдмэл байлгахын төлөө ямагт зогсож байсан
1947 онд Сталин Чойбалсантай уулзах үеэр Дотоод Монгол одоо Хятадын
коммунистууд ба Гоминдан хоёрын алины гарт байгаа хийгээд хятадын
коммунистууд монголчуудад хэрхэн хандаж байгаа, Дотоод Монголын ноён Дэ
Ван хаана байгаа зэргийг сонирхсон байна. Тэрээр бүх монголчууд
нэгдэхийн тулд, ард түмэн нэг удирдагчийн удирдааган дор нэгдэх ёстой.
Бүх монголчуудыг маршал Чойбалсангийн удирдааган дор нэгтгэхийн төлөө
хэмээн хундага өргөжээ. Мөн Чойбалсан Сталинд: "Монгол улс тусгаар
тогтносон улс. Зарчмыг хувьд гэвэл дотоод, гадаад монголчууд ялгаагүй
нэг л монголчууд учраас нийлэх, нэгдэх нь зүйн хэрэг. Манай хоёр
монголчууд хэл бичиг, ёс зашил шашин шүтлэг адилхан, түүн дээр Дотоод
монголчууд бидэнтэй нэгдэхийг хүсч, олон тоогоор манай улсад орж ирж
байна.
Бид газар хилээр л тусгаарлагдаж байна. Дотоод
Монгол манай улстай нийлж Хятадын бүрэлдэхүүнд орохгүйгээр тусгаар улс
болох нь зохистой юм" гэжээ. Чойбалсан ярианы дундуур "Хэрэв Дотоод
Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох
уу?" гэж асуужээ. Тэгэхэд нь Сталин "Танайх манай холбооны улс болох
хэрэггүй.
Бид Гадаад, Дотоод хоёр Монголыг нэгтгэхийг
дэмжихдээ Оросын харъяанд ч орохгүй, Хятадын харъяанд ч орохгүй нэгдсэн
нэгэн тусгаар улс байхыг хүсч байна. Бид большевикууд нэгэн үндэстнийг
нэгдмэл байлгахын төлөө ямагт зогсож байсан. Жишээ нь: Баруун Украин,
Баруун Белоруссыг нэгтгэсэн юм." гэжээ.
Ар, Өвөрмонголыг нэгтгэх сүүлчийн оролдлого
Монгол овогтон нэгэн улс болохыг зарлажээ
@Khuvisgalt Khereid"s Page