ОХУ-ын “Хэрэглээний боловсрол” төвийн захирал Комарова Екатеринаи хэлэхдээ “Хэрэглээний боловсрол бол 40 жилийн түүхтэй олон улсын байгууллага. Баруун Европ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн 70 гаруй орнуудад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Монголын “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн урилгаар ирээд багш нарт сургалт явуулж байна.Бидний хийж буй ажил БШУЯамнаас дэвшүүлсэн маш оновчтой гурван хөтөлбөрийн нэг болох “Багш хөгжлийн хөтөлбөр”-тэй нийцэж байгаад баяртай байгаа. Одоогоор сургалтанд хамрагдаж буй багш нарын сэтгэгдэл маш өндөр байгаа. Монголын БШУЯ зөв бодлого хэрэгжүүлж байна. Учир нь бусад оронд ийм хөтөлбөр байдаггүй” гэв.
Мөн энэ өдөр ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуульд сургалт болж байлаа. Сургагч багш Михаил Дворядкиноос зарим зүйлийг тодруулсан юм.
-Багш нар энэ сургалтыг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Багш нар үнэхээр идэвхитэй оролцож байна. Бид хичээлээ онол, дасгал гэсэн хэлбэрээр явуулж байгаа нь илүү сонирхолтой болж байна. Онолоор мэдсэн зүйлээ багш нар багаараа баталгаажуулж байгаа нь үр дүнтэй байгаа.
-Хэрэглээний боловсрол гэж яг юуг хэлээд байна вэ. Манай уншигчдад ойлгомжтой энгийн үгээр тайлбарлаж өгнө үү?
-Багш сургууль дээрээ хүүхэд бүртэй тулж ажиллахад тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэх чадварыг заах арга зүй гэж ойлгож болно. Хүүхдэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ, тэдний чадахгүй байгаа зүйлийг яаж тайлбарлах вэ гэдгийг багш нарт зааж байгаа юм.
-Тэгэхээр хүүхэд нэг хичээл дээр нэг зүйлийг ойлгоогүй бол дараагийн хичээлээ ойлгохгүй тохиолдол их байдаг. Үүнийг хүүхэд бүртэй тулж ажиллаж заавал ойлгуулах арга замыг багш нарт зааж байна гэж ойлгож болох уу?
-Яг тийм. Тэгэхээр хүүхэд математик гэдэг үгээ ойлгохгүй бол хичнээн урамшуулаад, эсвэл шийтгээд математикийг ойлгохгүй. Тэгэхээр багш түүнийг хүүхдэд яаж тайлбарлаж ойлгуулах вэ гэдэг талаар мэддэг, шийдвэрлэх чадвартай болгох юм.
-Сургалтад суусан багш нарт ямар үр дүн гарч байна вэ?
-Багш нар манай сургалтад сууж, сертификатаа гардаж аваад хүүхдүүддээ хэцүү хичээлийг ч хүүхдүүдэд ойлгуулж чадна гэсэн итгэлтэй, урам зоригтой болж байгаа гэсэн юм.
Бид сургалтанд суусан багш нарын сэтгэгдлийг сонслоо.
35 дугаар сургуулийн бага ангийн багш н.Ариунзаяа:
-Хэрэглээний боловсрол сургалтаас олж авч байгаа зүйл олон байна. Өмнө нь багш заах ёстой, хүүхэд сурах үүрэгтэй гэсэн хандлагатай байсан. Харин энэ сургалтад сууснаар хүүхдэд ямар бэрхшээл гардаг, түүнийг багш нь хэрхэн зааж тайлбарлах зэрэг зүйлсийг сурч байна.Ер нь манай бага ангийн боловсролын хичээлүүд хүнд, нүсэр байдаг. Тиймээс нэг удаа заагаад орхих биш хүүхдэд яавал ойлгуулах вэ гэдгийг сайн ойлгож авлаа. Цаашлаад бага анги гэлтгүй бүх багш нарт “Хэрэглээний боловсрол” сургалтыг оруулвал үр дүн гарна гэж бодож байна.
10 дугаар сургуулийн бага ангийн багш н.Оюунгэрэл:
-Сургалтанд суусан хоёр хоногийг их үр бүтээлтэй өнгөрүүлж байна. Энэ сургалтад сууснаар хүүхдийн оронд өөрийгөө тавьж үзэн, тэдэнтэй ойр дотно ажиллах ёстой гэдгийг сайн ойлгож мэдлээ. Хүүхэд хичээлээ ойлгоогүй байсан ч бид хичээлийн программын дагуу дараагийн хичээлийг явуулдаг байсан. Харин одоо хүүхдүүд бүрэн ойлгосон эсэхийг нягтлан дараагийн хичээлээ эхлүүлье гэж боддог боллоо.
Багш нар ийн өгүүлж байна. Боловсролын салбарт удаан хугацаанд оршсон нэгэн “цоорхой”-г бөглөх боломж нь “Хэрэглээний боловсрол” сургалт байхыг үгүйсгэх аргагүй. Сургалтад суусан багш нар сэтгэл хангалуун байгаагаас энэ бодол төрсөн юм. Уг сургалтын үр дүн сайн байвал зөвхөн нийслэлийн багш нарт гэлтгүй хөдөө орон нутгийн бага ангийн багш нартаа оруулвал илүү үр дүнтэй байх болов уу.