Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Европыг цаашид интеграцилуулах нь хэрэггүй гэж Давосын чуулга дээр пүрэв гаригт мэдэгджээ. Европын холбооны улс төрийн холбоонд цаашид улс орнууд оролцоод хэрэггүй гэдгийг тэрээр Европын лидерүүдэд санууллаа. Лондон цаашид энд оролцохгүйг нэмж хэлжээ.
Кэмерон мэдэгдэхдээ, Европын орнууд өөрсдийн түүх, уламжлалтай, институцитай өөрсдөө шийдвэрээ гаргах хүсэлтэй аж. Тиймээс төвлөрүүлсэн улс төрийн удирдлага, холбоонд тэднийг шахах хэрэггүй гэсэн байна. Их Британи нь Европын холбооны зах зээлд чухал үүрэгтэй, өрсөлдөх чадвар, терроризмтай тэмцэх зэрэг нийт Европын чухал асуудалд оролцож ирсэн гээд одоо тийм шийдвэр гаргахад интеграци хэрэггүй гэжээ.
Ерөнхий сайдын хэлснээр, түүний мэдэгдэл нь Лондон Европын холбооноос холдож, нүүрээ бууруулж байна гэсэн үг биш гэв. Үүгээр тэр иргэдийнхээ дэмжлэгтэйгээр Европын холбоог өөрчлөхөд зүтгэж байна гэжээ.
Давост үг хэлэхээс нэг хоногийн өмнө Европын холбооны гишүүнээр Их Британи байх эсэхийг бүх нийтийн санал асуулгаар шийдүүлнэ гэдгээ Камерон британичуудад амласан байв. Хэрэв Консерватив нам 2015 оны сонгуульд ялвал 2017 оны дотор энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулна гэж тэр хэлсэн байлаа.
Их Британи хэзээ ч ЕХ-той бүрэн нийлж нэгдэхийн төлөө байгаагүй. Тэрээр Шенгений бүсэд хязгаарлалтай орсон бөгөөд евро бүсэд огт нэгдээгүй билээ. Европын орнууд Британийн саналыг сонсох хүсэлтэй байна. Гэхдээ ЕХ-ноос ямар эрх мэдлээ эргүүлэн авах талдаа Британийн ерөнхий сайд тодорхой саналаа гаргаагүй байгаа.