
-МИАТ компанитай холбоотойгоор мөнгө угаасан гэх хэргийг хэзээнээс шалгаж эхэлсэн бэ?
-Анх хоёр жилийн өмнө МИАТ компанитай холбоотойгоор мөнгө завшсан, угаасан байж болзошгүй гэх гомдлын дагуу шалгаж эхэлсэн байдаг. Даатгалын гэрээ хийх нэрийдлээр мөнгө угаасан хэрэг ах дүү, хань ижил, найз нөхөд гээд маш олон хүн хамсаатан байж болзошгүй байгаа юм.
-Ямар учраас энэ хэргийг хоёр жил дамнан, ийнхүү удаан шалгаж байгаа вэ?
-Хэргийг мөрдөн байцаах, шалгах явц удаашралтай байсан нь анхаарал татаж байгаа. Хуулийн байгууллагынхан энэ хэрэгт холбоотой байж магад юм.
-Хэдэн хүнийг цагдан хорьж, шалгаж байгаа юм бол?
-Сэжигтэн, гэрч, хамсаатан гээд энэ хэрэгт холбоотой хүмүүс долоогоор зогсохгүй нь мэдээж. Хэргийн гол асуудал хэдэн хүнтэй холбоотой хэрэг биш төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, хувийн болон бизнесийн компаниуд, хуулийнхан гээд олон удаагийн үйлдлээр, олон хэлбэрээр хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.
-Энэ хэргийг цөөнгүй улс дамнан шалгах хэрэгтэй гэж сонссон. Энэ үнэн үү?
-Гадаадын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтарсан шалгалт хийж байна. Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполтой ч бас хамтарч ажиллаж эхэлсэн. Ер нь бол дөрвөөс таван улс дамжин үйлдэгдсэн хэрэг байгаа юм.
-Одоогоор 10 орчим тэрбум төгрөг угаасан гэх хэрэг таамаг төдий мөнгөн дүн яригдаж байгаа. Ойролцоогоор хэдий хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа вэ?
-Шалгалтын явцад 10 тэрбум төгрөг бол сэжигтнүүдийн угаасан, залилсан мөнгөн дүнтэй харьцуулахад маш бага тоо. Маш их хэмжээний мөнгөний тухай яригдах байх.
-Энэ хэрэгт МАХН-ын дарга Н.Энхбаярын ар гэрийнхэн шалгагдаж байгаа гэж үнэн үү?
-Энэ хэрэгт Н.Энхбаярын хамаатан садан болох дүү зэрэг хэдэн хүнийг шалгаж эхэлсэн.
-Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт ямар шийтгэл оногдуулдаг вэ?
-Хэн ямар албан тушаал эрхэлж байсан, ямар хууль бус үйлдэл гаргасан гэдгээс хамаарч хүн бүр өөр өөр шийтгэл авах учиртай.
Дашрамд, Даатгалын сангийн мөнгийг угаасан гэх хэргээс гадна энэ хэрэгт холбоотойгоор шалгагдаж байгаа томоохон албан тушаалын эрхмүүд, Төрийн өндөр албан тушаалтан, хувийн болон улсын байгууллагын эзэн, төрийн албан хаагч, зарим банкуудыг МИАТ-ын гэрээтэй холбоотойгоор их хэмжээнй мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.