![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/6f719493a6067207/113140a1e3440e6abig.jpg)
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвааг нефть импортлогчдод ногдуулсан 7 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүүг барилгын салбарт тавих стандарт хэрэгжилтэд хяналт тавиагүй гэж үзэн тус бүр ажлаас нь чөлөөлжээ. Харин Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнг өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан чөлөөлсөн байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Я.Содбаатар Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс хэчнээн хүнийг төрийн албанаас чөлөөлөөд байна вэ гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүссэн юм. Үүнд Ч.Сайханбилэг сайд “Та Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга байхдаа 31 төрийн албан хаагчийг халж 58 албан хаагчийг нэмж авсан байдаг. Тийм учраас өөрийн тань хийсэн халаа сэлгээг сануулчихая” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Нэг сонгуулийн дараа баахан хүмүүсийг халж чөлөөлдөг боллоо. Энэ байдал хэзээ зогсох вэ. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна, төрийн албанд улстөр, бизнесийн бүлэглэлд үйлчилдэг, улстөрийн намд сонгуулийнх нь мөнгийг босгож өгдөг төрийн албан хаагчид бий болж. Ийм хүмүүсийг өөрчлөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас Түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгчээ хэзээ цэгцлэх вэ” гэв.
Ч.Сайханбилэг сайд “Ойрын хугацаанд хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Араас нь нийтийн албаны тухай хуулийг батлуулна. Хууль батлагдсанаар төрийн алба чадварлаг багаар бүрдэх бололцоо бүрдэнэ. Үүрэг гүйцэтгэгч нарын тухайд Төрийн албаны зөвлөл шийдвэрээ гаргаад шалгалтаа зарлаж, улмаар Төрийн нарийн бичгийг сонгон шалгаруулна. Ойрын хоёр сарын хугацаанд асуудал шийдэгдэнэ гэлээ.