“Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах болсон байна. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй боловч ямар ч байсан сүүлийн үед үүсээд байгаа асуудлууд хөндөгдөж мэдэх аж. Тодруулбал, мөнгөгүйгээс болж “Эрдэнэс тавантолгой” компани нь Тавантолгойгоос олборлож байсан нүүрснийхээ тээвэрлэлтийг зогсоосон. Улмаар олборлолтоо ч зогсоосон билээ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэж магадгүй юм байна. Уг нь “Эрдэнэс тавантолгой” компанийн удирдлага Засгийн газарт хандаж “Зээл олгох хүсэлтийг тавьж, Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларыг олгох шийдвэрийг гаргаж байсан ч одоо хэр нь шийдвэрлэгдэхгүй байгаа юм. Үүнээс болж, Монгол Улсын иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа үнэ цэнээ алдаж мэдэхээр болоод буй тухай зарим эдийн засагчид сануулах болсон. Тиймээс тус компанийн ТУЗ нь шуурхай хуралдаан зарласан байж болзошгүй аж. Мөн хуралдаанаар 2013 оны төсвийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл бас байна.
Г.ДАРЬ