Тавантолгой ордын нөөцөд менежмент хийх үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой” компани 300 гаруй тэрбум төгрөгийн өрөнд орчихоод байгаа нь тус компанийг шууд дампууралд хүргэв. Энэ талаар эхлээд хэвлэлээр хэсэг бусаг мэдээлэл гарч байсан ч дараахан нь Засгийн газрын тэргүүн ил тод мэдэгдэж, байдал хүнд болсныг хүлээн зөвшөөрөв. Уг нь Монголын иргэд 20 хувийг нь эзэмшдэг үндэсний хэмжээний компани дампуурч байгаа нь хүн бүрийн эрх ашгийг хөндсөн ноцтой асуудал юм. Өөрийнх нь хувь эзэмшдэг компанийг дампууруулах битгий хэл үр ашиг багатай ажиллуулсных нь төлөө хувьцаа эзэмшигчид нь менежментийн багтай хариуцлага тооцдог нэг жишиг бий. Гэхдээ энэ талаарх бидний мэдлэг солонгос сериал дээр харснаас цааш хэтрэхгүй, туршлага бол бүүр ч байхгүй. УИХ-ын хувьчлалын асуудлаар хэсэг хүн хэл ам хийгээд явдаг байс ан санагдана, юу ч болж төгссөн билээ дээ, сонирхсон хүн байхгүй…
Ингээд “Тавантолгой” компани маань дампуурч, иргэд бид гар дээрээ Тавантолгойн дурсгалд зориулсан 1072 ширхэг “марктай” л үлдэж хоцорлоо. Хэзээ мөдгүй үнэ хүрч, марк биш хувьцаа болно гэсэн итгэл бас байна аа, байна.
Үнэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийг ийм хүнд байдалд оруулах ажлыг эхлэхээс нь дуусах хүртэл мэдэхийн цаагуур мэдэж байсан хүн нь өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Тэрбээр хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд байхдаа Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч байсан юм. Тавантолгойн ордоос хүрз ч нүүрс олборлоогүй хэрнээ нүүрсээ зарах гэрээг Хятадын талтай урьдчилан хийж, тонных нь үнийг тун хямдаар тохирсон нь өнөөдрийн дампуурлын нөхцөлийг тавьсан хэрэг. Ингээд зогсохгүй зараагүй нүүрснийхээ үнийг урьдчилан авч, иргэдэд 1 сая төгрөгийн амлалтынхаа төлөөсөнд тараачихсан юм. Урьдчилгаанд авсан мөнгөө салхинд хийсгэчихсэн хэрнээ одоо тэр мөнгөнийхөө өрөнд нүүрсээ ч өгөхгүй гэдийгээд суучихсан “Эрдэнэс Тавантолгой”-д Хятадын “Чалко” компани гэрээгээ биелүүлэхийг ил, далд сануулж, шахсаар байна. Хятадын зах зээлд нүүрс тонн 100 ам.доллар байхад Тавантолгойн нүүрсийг 70 ам.доллараар, 70 ам.доллар байхад 50 ам.доллараар өгөхөөр “Чалко”-тай хийсэн гэрээнд тусгасныг нь Ерөнхий сайд мэдэгдээд, одоо ийм нөхцөлийг зөвшөөрөхгүй гэж “томров”. Гэхдээ ингэж томрохын тулд урьдчилаж авсан, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхөөс нааш гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй гэж бас “жижигрэв”. Ер нь явж явж “Чингис” бондоос босгосон мөнгөнөөсөө энэ өрийг төлөх байдлаар л асуудлыг шийдэхээр болж байгааг ойлгуулав.
Аливаа бондыг зориулалтаар нь нэрлэж зах зээлд гаргадаг. Яагаад гэвэл ямар зориулалтаар юунд зарцуулж, эргүүлээд хэдий хэмжээний ашиг олохыг нь мэдэж, тооцоолж байж бондыг худалдан авах эсэхээ хөрөнгө оруулагч шийддэг. Харин монголчууд яахаараа ч “Чингис” гэж нэрлээд, яагаад ч цаадуул нь итгээд худалдаад авчихсан юм бол доо?! Юутай ч бондын арилжаанаас олсон мөнгөнөөсөө энэ удаад “Чалко”-гийн өрийг дарахаар болж байна. Өмнөх өрөө дарах гээд дахиад өр тавьж явааг нь мэдсэн бол “Чингис” бондыг худалдан авах “тэнэг” олдох байсан болов уу? Олдох л байсан байх. Чин үнэндээ бас л Монголын газрын баялагт найдаад, өндөр хүү амлуулаад л “Чингис” бондыг худалдаад авчихсан хэрэг шүү дээ. Нэг үгээр бол бондын өрөнд газрын баялаг, түүхий эдийг дам барьцаалсан гэж ойлгож болно.
Зээлээсээ өрөө дарах нь өөдтэй яваагийн шинж биш гэдгийг мэдэж байгаа ч энэ удаад Н.Алтанхуягийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н өрийг ингэж л цайруулахаар болж байна. Ингэснийхээ дараа Тавантолгойн нүүрсийг үнэ хүргэн зарах, нарийндаа бол үнэ хүргэх ч юу байх вэ, зах зээлийн үнээс нэг их багагүйгээр худалдаалах юм байна.
Тавантолгойн ордын дөрвөн хувь гэгддэг Ухаахудагийн уурхайг эзэмшигч “Энержи ресурс” компани тонн нүүрсээ 70 ам.доллараар зарж байгаа гэдэг хуурамч гэрээг жишиг болгож, “Эрдэнэс Тавантолгой” өөрийнхөө бүтээгдэхүүнийг 70 ам.доллараар худалдахаар гэрээллээ гэдэг мэдээллийг хоёр жилийн өмнө хамтарсан Засгийн газрын гишүүн Х.Баттулга хэвлэлээр цацаж байсан. Хамтарсан нэр дор “хэрэггүй” юм их хийсэн, сүүлдээ бүр “болохгүй” юм хийгээд эхэллээ гэдэг шүүмжлэлийг АН-ын дарга Н.Алтанхуягт хаягласны хариуд тэрбээр “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яригдаад ярилцаад хийж чадахгүй байсан Оюутолгой, Тавантолгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд хүмүүс таатай байгаагаа илэрхийлж байгаа” гэж мэдэгдэж байлаа. Хийгээгүйг хийсэн байж болн, гэхдээ ингэж хийж болохгүй л байсан. Тавантолгойн коксжих нүүрс Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болж очдог. Улаанбаатарын гэр хорооллынхны гар дээр очдогоос хямдаар тэнд очихоор гэрээлсэн. Гэхдээ одоохондоо бүр үнэгүйгээр, урьдчилгаа мөнгөний оронд буюу 50 сая ам.долларын өрөнд ачигдаж байгаа. Ийм байдлаар удаан явах нь утгагүй болсон тул “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд гэрээг эргэж харья, эхлээд өрөө төлье гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Бадарчны паян гэгч үлгэр аягтай ийм зүйл хийсний хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ? Хувьцаа эзэмшигчдийн өмнө хэн хариуцлага хүлээх ёстой юм бол гэж тэр үед ажлын хэсгийг ахалж байсан Н.Алтанхуягаас асуумаар байна. Асуудлыг гэнэт сая л мэдсэн юм шиг хээвнэг мэдээлэл хийж, хэнэггүй царай гаргаж байгаа Ерөнхий сайдад хувьцаа эзэмшигчийн хувьд хатуухан үш хэлэхэд буруудахгүй байлгүй дээ.