Чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн хууль бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай төсөл юм.

Хууль санаачлагчид, байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “2002 оны Газрын тухай хууль нь дутагдалтай хууль. Үүнийг засч, залруулахын тулд шинэчилсэн найруулгыг оруулж ирж байгаа гэж бодож байна. Энэ бол сонгуулийн өмнө амласан амлалтын нэг. Ард түмнээр хэлэлцүүлнэ гэж хэлж байсан. Хэдэн хүнэээс санал авсан бэ. Нийслэлийн иргэдийн долоон хувь нь газраа өмчилсөн байгаагийн шалтгаан нь юу байна вэ” гэдгийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “2002 оны хуулиар иргэдэд мэдээлэл хаалттай байснаас газар өмчлөл бага байсан гэж дүгнэж байгаа. Иргэд хаана газар авах боломжтой вэ гэдгийг хийдэг байгууллага байдаггүй юм билээ. Харин шинэчилсэн найруулагад газрын тухай мэдээлэл маш тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, хаана, ямар хэмжээтэй тайлбар байна, түүнийг нь иргэн худалдаж авах боломжтой вэ гэсэн хил хязгаарын мэдээллийг өгөхөөр болж байгаа юм” гэлээ. Мөн энэ хуулийн төслийг олон удаа ард түмнээр хэлэлцүүлсэн. Иргэдтэй уулзаж, санал авсан юм байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Нийслэлд хэдий хэмжээний газар байгаа, хэдэн хүн хаана газар авах боломжтой байна вэ?”

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Одоо бол бодитой мэдээлэл байхгүй. Цаашид нийслэлийн газар нутгийг тэлэх шаардлагатай байгаа” гэв.

Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр, одоогийн байдлаар нийт хүн амын 10,8 хувь буюу 302.350 хүн газраа өмчилсөн. Үүнээс хот суурин газарт 7,6 хувь нь газраа өмчилсөн юм байна. 10,8 хувийг хуваахаар 0,1 га газар ногдож байгаа юм байна.
УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр үдээш хойшхи чуулганы хуралдаанаар санал хураах юм. Үдээш хойшхи чуулганы хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж