Бодлогын хүүг 0.75 хувиар буурууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг 0.75 хувиар буурууллаа

Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн шинэ бүтэц бодлогын хүүг 0.75 нэгж  хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргалаа.  Инфляцийн хэтийн хандлага зорилтот төвшинтэй нийцэх эсэхэд эрэлтийн гаралтай инфляцийн дарамт буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг багасгахаар хүлээгдэж буй нь мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөл бүрдүүлж буй аж. Энэ талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр мэдээллээ.

Н.Золжаргал:  Инфляцийн хүлээлт эерэг байгаа нь өөрөө “боломж” юм

-“Бодлогын хүүг бууруулснаар мөнгө, зээлийн өсөлтийг тогтворжуулан, санхүүгийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломж олгоно гэж үзэж байна. Макро эдийн засгийн төлөв нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг бүрдүүлж буй . Гэсэн хэдий ч энэхүү бодлогын шийдвэрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын  орчны тодорхой бус байдлыг харгалзан үзлээ. Мөнгөний бодлогын хүү буурснаар төв банктай харилцдаг арилжааны банкуудын зээлийн хүү буурна гэсэн үг. Цаашдаа ч зээлийн хүүг бууруулахад нь шууд нөлөөлнө. Өнгөрсөн 2009  оноос хойш анх удаа бодлогын хүүг бууруулж байгаа нь зах зээлд өгч буй дохио. Үүнд үндэслээд арилжааны банкууд, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд цаашид арай бага хүү, зээлийн зөөлөн бодлого барьж тооцох юм. Энд онцлоход, инфляцийн хүлээлт эерэг байгаа нь бодлогын хүүг бууруулах боломж олгож буй юм. Үнийн өсөлтийг сааруулах талаар авч байгаа Засгийн газрын арга хэмжээ, салбар яамдын бодлого нь үр дүнгээ өгч байна гэж үзээд ингэж бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалаа. 0.75 хувь гэдэг нь нэг удаагийн үйлдэл. Оны эцэс гэхэд инфляцийн хувь нэг оронтой тоо буюу 8 хувьд хүргэх зорилтод эерэгээр нөлөөлнө хэмээн хийгдэж буй алхмуудын нэг юм.” гэлээ.  

Зөвхөн бодлогын хүүгийн сургийг инфляцийн түвшинг 8 хувьд “барих”-ад ашиглана гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг Н.Золжаргал дахин онцолсон. Тэгвэл инфляцийн зорилтыг хангахад мөнгөний бодлогын өөр ямар хэрэгсэл байна вэ гэсэн асуултад Төв банкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ерөнхий эдийн засагч С.Болд

-Эрэлтийн гаралтай инфляцийн нөгөө тал болох нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг өөр арга хэрэгсэл, механизмыг хэрэгжүүлэх замаар бууруулна.

 Нийлүүлэлтийн  “шок” болон зардлыг өсгөдөг нөлөөллийг бууруулахаар ажиллаж байна. Засгийн газартай цогц уялдаатай бодлого явуулснаар инфляцийн зорилтыг хангагдана гэсэн үндсэн агуулга бий гэж  хариуллаа.

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж