Куба өндөр хурдны интернэттэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Куба өндөр хурдны интернэттэй болжээ

Куба улс анх удаа дэлхийн өндөр хурдны интернэтийн шилэн кабельтай холбогдсон  тухай тус улсын харилцаа холбооны “Etecsa” компаниас мэдээлжээ. Куба өнгөрсөн 2011 оны хоёрдугаар сард Венесуэлээс 70 сая ам.долларын үнэтэй  шилэн кабелийг оруулж ирсэн боловч дөнгөж саяхнаас  Кубын Засгийн газраас энэ талаар ам нээж, интернэтийн сүлжээг турших ажлыг эхлүүлсэн байна.

“Etecsa” компанийн мэдэгдсэнээр эхний ээлжинд Кубын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах шаардлагатай, үүний дараа өндөр хурдны интернэтийг нийтийн хэрэгцээд зориулах боломжтой гэсэн байна. Кубын Засгийн газар болон эрдэм шинжилгээний институтууд нэн тэргүүнд шинэ өндөр хурдны интернэтийн үр шимийг амсах юм байна.

“ВВС”-ийн мэдээлснээр Кубад өнгөрсөн 2011 оны байдлаар 2.6 сая хүн интернэт ашигладаг гэсэн албан ёсны судалгаа гарчээ. Гэхдээ тус улсын Засгийн газраас иргэдийн интернэтийн хэрэглээг хатуу цензурлэж,  Засгийн газрын ажилтай холбоотой цахим хуудсанд хандах, и-мейл илгээхийг хязгаарладаг байна. Гэсэн ч олон тооны саад, хоригийг үл харгалзан Кубын Засгийн  газрыг дэмжигчид болон тэрс үзэлтнүүдийн ачаар тус улсад цахим ертөнц дэх блог харилцаа эрчимтэй хөгжиж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж