Түгжрээд зогсох уу, гэртээ бүгэх уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Түгжрээд зогсох уу, гэртээ бүгэх уу?

Сар шинийн баярын өмнөх амралтын өдөр  буюу   нэгдүгээр сарын  26,  хоёрдугаар сарын 2-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгойгоор төгссөн авто тээврийн хэрэгсэл нийслэлийн ИТХ-аас тогтоосон хязгаарлалтын бүсэд өглөөний 10.00-20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэр гаргаад байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн цагаан сарын өмнө л хэрэгжүүлэх түр хугацааны зохицуулалт гэж мэдэгдээд байгаа билээ. Энэхүү шийдвэрийн талаар иргэд ямар сэтгэгдэлтэй байгаа талаар зарим нэг сэтгэгдлийг хүргэж байна.

-Өөдрөгөөр харья. Хот маань бид бүхнийг нэг өдөр дэлгүүр хэсэж юмаа цуглуулаад нөгөө өдөр нь гэртээ сайхан халуун ам бүлээрээ буузаа хий гэсэн байна ш дээ.

-Төр юм шийдэхээрээ дандаа иргэдийнхээ эрх ашгийг хөндөх юмаа. Уг нь иргэнд үйлчилдэг төр бол эхлээд иргэдийнхээ төлөө юмаа хийдэг юм. Замуудаа хаагаад энд тэнд нь түгжээ үүсгэчихсэн, хэрэгтэй, хэрэггүй баахан машинууд хилээр оруулдаг, нийтийн тээврийн үйлчилгээ нойл гэх мэт. Эхлээд замтай болго л доо. Урт цагааны урд зам хаасан хэнд ч хэрэггүй архичид цугладаг талбай байж л байна, нээчихвэл шууд урсгалтай 1 зам нэмэгдэх бишүү, хотын төв, ялалтын замын ачаалал буурмаар л харагдаад байна.

-Зах руу автобусаар явдаг юм байж. Цагаан сарын баахан юм авчихаад буцаад л автобусандаа алалцаад явах уу? Нийт машины тал хувь нь хагас, бүтэн сайнд явахгүй болохоор түгжрээ бага байх биз. Тэгэхээр та энэ шийдвэрээ үргэлжлүүлнэ гэж хэлнэ дээ. Түр зуурын арга хэмжээ гэж хариуцлагатайгаар мэдэгдэх чинь яахав. Үнэн л байгаасай. Итгэл алдарч байна шүү.

-Мэдээж төрийн өмнөөс ийм шийдвэр гаргаж байгаа бол бид дагахаас өөр аргагүй. Гэхдээ би жишээлбэл бусад дийлэнхи иргэдийн адил хагас сайн өдөр ажилладаг зөвхөн ням гаригт л амардаг, машины маань сүүлийн дугаар нь сондгой. Төрийн байгууллагууд л хоёр өдөр амардаг шүү дээ. Тэгэхээр зөрүүлж тааруулж болдоггүй юм уу, жишээ нь нэг өдөр нь бямбад нөгөө өдөр нь нямд хориглохоор. Шийдвэрээ эргэн харна уу эсвэл захирамж нь гарчихсан юм уу

-Бат-Үүл дарга та нийслэлийн иргэн миний эрхийг зөрчөөд байна. Би хагас сайн өдөр машинаа унаад ээжийнхээ цагаан сарын бэлтгэл ажлыг хиймээр байна. Хүүхдүүдтэйгээ кино үзэж паркаар зугаалж, Зайсан толгой дээр гармаар байна. Би татвараа төлөөд машинаа унаж болохгүй юу, Би машинаа унаад замын түгжээнд ороод бөглөрөөд явах эрхээ эдэлмээр байна.

-Дугаараар хязгаарлах бол зүгээр тур зуурын л аргаа ядсан 1-2 жил хожихын тулд л гаргадаг эцсийн мөчид л авч хэрэгжүүлдэг маш аюултай арга хэмжээ гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Түгжрэл 20 хувь буурлаа гээд л баярлалдаад бархиралдаад оны хүнээр тодроод байх юм Эргээд сад тавина шүү дээ. Өмнө нь жамаараа өсч байсан бол одоо бол ёстой аймаар болно оо.  Бат-Үүл даргаа та мундаг ухаантай удирдагч хувсгалч, за тэгээд хэлж болох магтаал бүхнийг таньд өгье. Танд алтан хөшөө байна уу хүрэл нь байна уу Ленинийнхээс том байна уу, жижиг байна уу хөшөө босгоё. Гэхдээ та ЗАХ ЗЭЭЛИЙН өсөлтийг дүрэм журмаар зохицуулна гэж бодож байвал үнэхээр МАШ АЮУЛТАЙ ШҮҮ

-Зөвхөн таавараа түгжрэлгүй явах тухай ярдаг ааш гаргаж бодоцгоогоод байх юм Түгжрэл 20 хувь буурсан ч эдийн засгийн өсөлт 30 хувь буурч байгаа шүү дээ. Улс хөгжиж байна, тэр хэрээр хөдөлгөөн ихэснэ гэдэг нь ямар ч хүнд ойлгомжтой шүү дээ. Хөдөлж байж л хөгжинө шүү дээ. Түүнээс биш машинаа унахгүй гэр гэртээ суугаад эсвэл явган яваад хөгжлийн тухай ярина гэвэл утгагүй. Тээвэр зууч гэдэг бол зах зээлийг хөдөлгөгч амин чухал судас нь юм шүү дээ. Хүнийхээр бол цус гүйж байж хүн амьд явдаг шиг тээвэр бол улсын гол амин судас байдаг. Одоо бол сард дөрвөн өдөр машин тэртээ тэргүй явахгүй байгаа. Ачаа тээвэр хүн тээврээс эхлүүлээд өчнөөн асуудал цаана нь байгаа. Наад захын жишээболгож Портер болон хувиара бага оврын тээвэр эрхэлдэг хүмүүс өдөртөө 50 мянган төгрөг гэртээ авч очдог байсан бол дөрвөн өдрийн орлого 200 мянган төгрөг тэр айлын хэрэглээнээс хасагдаж байна. Жилдээ 2, 400 сая төгрөгөө алдана Тэгэхээр тэр айл хэрэглээгээ багасгана. Хэрэглээ багасахаар худалдаа үйлчилгээний салбар бас дагаж уналтанд орно. Хүмүүс тэнэг биш учраас ихэнх нь хоёр машинтай болж байна. Та нар судлаад үзээрэй. Ихэнх компани аж ахуйн нэгжүүд болон дундаж орлоготой айлууд мөн бичил тээврийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүс нэмж машин авч байгаа. Миний танил бүр гурван машинтай болчихсон ч явж байна лээ. Аливаа асуудлыг хувьсгал хийх маягаар шийдэж болохгүй гэдгийг энэ тохиолол харуулж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлочихлоо доо. Санаа нь сайхан ч сачийгаа бас тооцож үзэх хэрэгтэй л дээ. Одоо мэдэгдэхгүй байгаа ч энэ хавраас машин техник асар ихээр нэмэгдсэнийг та бүхэн анзаарна. Тэгээд цааш нь бас хориогоо бас яаж ийж байгаад л шинээр нэмээд байна, иргэд бүр ч ихээр машин аваад л байна. Банкууд автомашины зээлийг ч баруун солгойгүй уралдаад л өгч байгаа. Тэгээд л транспорт коллапс болно доо, хөөрхий. Алсаа л харах хэрэгтэй байсан юм. Зөвхөн өөрийн нэр хүндээ өсгөх гэж яараад л байх юм гэх мэтээр иргэд янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна.

Харин энэ удаад сэтгэгдлээр ирсэн хамгийн инээдтэй хошин үг нь  “Уур биеийг зовооно Уул морийг зовооно Үүл машиныг зовооно оо гэж ….” байлаа.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж