УИХ-ын чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Зоригт нараас өргөн мэдүүлсэн юм. Төсөлд тусгасан гол үзэл баримтлал нь УИХ дахь нам эвслийн бүлэг нь  нэгдсэн чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд өөрийн бүлгийн гишүүдийн ирцийг 50 болон түүнээс дээш хувиар хангаж оролцуулах. Эл үүргээ наймаас дээш удаа биелүүлээгүй бол тухайн УИХ дахь нам, эвслийн бүлгийг татан буугдсанд тооцохоор тусгаад буй юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ард түмний сонголтоор байгуулагдсан намын бүлгийг ингэж ирцээр шахаж, татан буулгаж болохгүй. Аль ч улсын парламентад байдаггүй жишгийг Ардчилсан нам хуулиар тогтоох гэж байна” гэж байв. Харин төсөл санаачлагчийн зүгээс “УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгоход ийм хууль батлах зайлшгүй шаардлага байгаа” гэсэн тайлбар өглөө. Гэхдээ УИХ энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш 10.00 цагт зарлагдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хийж, төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. 

Түүнчлэн УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг гишүүн Б.Бат-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Батцэрэг нар танилцуулав.

УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллуулж болно” гэж заасан байдаг. Хуулийн энэхүү заалтыг үндэслэн УИХ-ын нэр бүхий гишүүд уул уурхайн хөгжлийн асуудлаар түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн гишүүн Ц.Даваасүрэн “Байгалийн баялгийн ашиглалт, уул уурхайн асуудлаар нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хандах талаар анхаарах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл одоо хаана ямар лиценз олгосон, хэн юу хийж байгааг төр мэдэхээ болилоо. Бид баян төрөөгүй, бүгдээрээ баяжчихаагүй байна” гээд энэ асуудалд анхаарч ирцээ бүрдүүлж оролцох нь чухал байна гэдгээ хэлэв. Харин гишүүн Н.Номтойбаяр түр хороо байгуулах тогтоолын агуулга, зорилгын тухайд зөрөх юм алга. Харин үүнийг далимдуулаад төрийн нэр барьсан дарамт, шахааны бизнес газар авах бий гэдгийг бас бодолцох учиртай. Заавал түр хороо гэхгүйгээр Эдийн засгийн юм уу, Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг гаргаад хяналт тавиад явахад болохгүй юмгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 47 гишүүний 55.3 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж