“Хууль санаачлагч хэвлэлийн эрх чөлөөний төлөө зогсоно”

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

“Хууль санаачлагч хэвлэлийн эрх чөлөөний төлөө зогсоно”

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан/ хууль санаачлагч өөрөө эргүүлэн татлаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн “Хууль санаачлагч нь аль ч хэлэлцүүлгийн үед өргөн барьсан хуулиа эргүүлэн татаж болно” гэсэн заалт бий.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг яагаад эргүүлэн татах болсон талаар мэдээлэл өгөхгүй юэ?

-Хэлэлцүүлгийн явцад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлагдана гэдэгт би итгэл үнэмшилтэй байсан. Ажлын хэсэг ч батлуулах талаар маш идэвхитэй ажилласан. Ардчилсан намын бүлгийн хувьд ч дэмжиж байсан. Мөн иргэдийн зүгээс, сэтгүүлчдийн зүгээс нэлээд дэмжлэг аваад байсан ч эргүүлэн татахаас аргагүй болсон нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн эрх чөлөө эздийн гарт байгаагийн нэг илэрхийлэл гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг гол зогсч байгаа хүмүүс нь хэвлэлийн эзэд юм байна. Магадгүй ингэж хэллээ гээд маргаашнаас надад маш их дарамт ирэх байх. Энэ хүмүүс олон жил өөрсдийнхөө дур зоргоор хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглаж байж. Хэвлэл ямар нэг захиалгаар бус, хэн нэгний улстөрийн зорилгоор бус, үнэн бодит мэдээллийг хүргэдэг байх хэрэгтэй. Энэ хуулийн зорилго ч үүнд оршиж байсан. Өнөөдөр  энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд их том том мэдэгдэл хийж байна. Хэвлэлийн эзэд эсэргүүцэж байна гэдгийг ч дамжуулж байна. Яг юуг нь эсэргүүцэж байна, энэ хуулинд ямар зохицуулалт хийх вэ гэдгийг, энэ хуулинд ямар өөрчлөлт оруулж байж хэвлэлийн эрх чөлөөг төр боомилж байна гэсэн заалт байгаа юм бэ гэдгийг тодруулж, хэрэв ийм заалт байгаа бол олон талаасаа шүүж ярилцъя гэхээр бодитой хариулт өгөхгүй байна.Тэд ердөө л хууль батлуулахыг эсэргүүцэж байна.

-Эргүүлэн татсан хуулийг дахиад хэлэлцэнэ гэвэл ямар процессоор явах вэ?

-Дахиад хууль боловсруулан санаачилж, өргөн барина. Хэлэлцэх эсэхийг байнгын хорооны хуралдаанаар оруулна. Өөрөөр хэлбэл, хууль өргөн барих процессийн дагуу явагдана.

-Дахин боловсруулаад, өргөн бариад, хэлэлцүүлбэл хэр олон бэрхшээл туулах бол. Ажлын хэсэг дээр ажиллаж байхад ямар байр суурь ажиглагдаж байсан бэ?

-Миний мэдэж байгаагаар Намрын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудын хамгийн бэрхшээлтэй хууль байсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас эхлээд тодорхой заалт, хүндрэл учирч байна гэсэн зүйл байхгүйгээр эсэргүүцэж ирсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч шалтгаангүйгээр эсэргүүцэж байсан гэж үзэж байна. Ерөнхийлөгч өөрөө сэтгүүлч мэргэжилтэй хүн учраас хэвлэлийн эрх чөлөөний төлөө бат зогсч байсан. Асуудлыг олон талаас нь авч үзэж, хуулийг батлуулах талаар ажилласан. Хуулийг татаж байгаа нь тодорхой шалтгаантай байгаа байх. Үүнийг цаашдаа ярьж байж шийдэх асуудал.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж