Кинон дээр ч, амьдрал дээр ч үлгэр жишээ эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Кинон дээр ч, амьдрал дээр ч үлгэр жишээ эмэгтэй

“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа”, “Газарчин” гээд монголын киноны түүхэнд алтан үсгээр бичигдэх кинонуудыг эргэн санахаар нэгэн бүсгүйн дүр эрхгүй санаанд орно. Энэ бол МУГЖ, хатагтай Н.Батцэцэг билээ. Тэрбээр амьдрал дээр ч, кинон дээр ч бүсгүй хүний ялдам ааль, эх хүний сүүн сэтгэлээр гэрэлтэж явдаг нэгэн.

Жүжигчин бүсгүй 1957 оны тавдугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо дөрвөн хүүхэдтэй Нацагдоржийн гэр бүлд хоёр дахь хүүхэд нь болон төржээ. Тэр нэг ах, хоёр дүүтэй. Түүнийг бага байхад аав нь цасан охины хувцас өмсгөж үсийг нь сүлжихдээ “сүүний үнэрээ дуулаарай” хэмээн өхөөрддөг байсан гэдэг. Мөн хуурай аав Ц.Хасбаатар нь дэлхийн сонгодог зохиолуудаас уншиж өгч, тайз дэлгэцийн нэрт мастеруудын бүтээлээс ярьж өгдөг байжээ.Бага нас нь дөч, тавин мянгатад өнгөрсөн Батцэцэг нийслэлийн зургадугаар дунд сургуульд гавъяат эдийн засагч Дашзэвэг, ТШ-т МУГЖ Ц.Төмөрбаатар нартай ангийн андууд байсан байна. Батцэцэгийг хичээлдээ сайн, даруухан цэвэрч охин байсан гэж Ц.Төмөрбаатар тодорхойлсон байдаг. Батцэцэг багадаа нэрт орчуулагч, хэл бичгийн ухааны доктор, СГЗ Ц.Хасбаатар гуайн дэргэд өсөж өндийсөн нь түүний хэлний боловсрол, мэдлэгийн цараа тэлэхэд нөлөөлсөн нь зайлшгүй. Үнэхээр ч Батцэцэг урлагийн хүүхнүүд дотроо хэл ус сайтай, юм үзэж нүд тайлсны тоонд ордог.

1974 онд МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид элсч орсон Батцэцэгийг МУГЖ М.Бадамгарав олж “Эх бүрдийн домог” киноны сорилд аваачиснаар кино урлагт хөл тавих зам мөр тавигдсан билээ. Арван наймхан настай Батцэцэгийн торомгор алаг нүд, дөлгөөн төрх, эвлэгхэн тоглолт найруулагчдын анхаарлыг татаж, оюутан байх таван жилдээ тасралтгүй кинонуудад уригдан тоглосон азтай нэгэн.

“Эх бүрдийн домог”-т тоглосон тухайгаа “Сорилтонд надаас гоё зөндөө охидууд байлаа. Анагаахад сурдаг бүдүүн урт хар гэзэгтэй хачин сайхан охиныг Бунтар найруулагч их шохоорхож байсан юм. Дараа нь дуулахнээ, би дэлгэцэн дээр түүнээс дөнгүүр гарч уг кинонд тоглох болсон юм билээ. Ингэж л би кино урлагт эргэж буцалтгүй хөл тавьсан юм даа” гэж дурссан байдаг.

Ид гялалзаж явсан Батцэцэгийг дээд сургуулиа төгсөнгүүт хуваарилагдаж очсон газраас нь киноныхон шилжүүлэн авчээ. Кино үйлдвэрт жүжигчнээр орсон үеэ дурсахдаа: Би эртлэн босоод наран ургах зүгт орших кино үйлдвэр лүү автобусаар очдог байлаа. Өрөөндөө түрүүлж ирчихээд цэцэгнүүдээ усалчихаад жүжигчдээ сэтгэл догдлон цонхоор харан хүлээдэг байлаа. Тэд бол та бидний хайртай АЖ.Чимид-Осор, АЖ Дамчаа,МУГЖ Дамдинбазар, Дагийранз, Цэнд-Аюуш, Цэмпилмаа, Цэцэг, Элбэгсайхан, Карма нар байлаа шүү дээ” хэмээн ярьжээ. Тэрээр уран бүтээлийн “гал тогоо”-нд уйгагүй хөдөлмөрлөж 1982 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авчээ.

“…Эрхүүд оюутан байлаа, энд ирээд цэрэг боллоо…” гэх үгийг сонсонгуут “Суварган цэнхэр уулс” киноны цэрэг эр, түүнтэй бүжиглэж буй сурвалжлагч Солонгын дүр санаанд орж байгаа биз? Хорьхон настайдаа ангийн анд Ц.Төмөрбаатартайгаа энэхүү кинонд тоглож байсан нь тэр.

“…Хайртай болжээ чамдаа би, ханийн жаргал хайрлаач наддаа…” хэмээх бадаг “Гэрлэж амжаагүй явна” киног өөрийн эрхгүй санагдуулна. Тэрбээр 1981 онд энэхүү кинонд тоглож байсан гэдэг. Үүний дараа жил буюу 1982 онд Германы алдарт жүжигчин Гойко Митичтэй “Газарчин” кинонд тоглосон байна. Харин 2000 онд МУГЖ Ё.Цог, АЖ Б.Дамчаа нарын хамт “Хааны сүүлчийн хатан” кинонд тоглож Гэнэнпил хатны дүрийг бүтээжээ. Тэр үед дөчин гуравтай байсан Батцэцэг, Богд хааны бага хатан Гэнэнпилийн арван наймтайгаас насан эцэслэх үеийг дэлгэцнээ чадварлаг амилуулсан юм. Энэ киноны дараахан өргөн олныг шуугиулсан “Жинжиймаа” кинондоо тоглосон билээ.

Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тун чиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа
хэмээх уянгалаг дуутай энэ кино олон хүний сэтгэл зүрхэнд хүрч энэрч хайрлахын учгийг мэдрүүлж, эрч хүч инээд нулимс бэлэглэж чадсан билээ.

Жинжиймаагийн охины дүрийг УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг амжилттай бүтээж дэлгэцийн уран бүтээлд шав тавьж байсныг үзэгчид тодхон санаж байгаа биз ээ.
Сайн үйлс бүхэн сайн зүйлийн дуудлага байдаг гэдэг шиг түүнд чулуу шиг сайхан эр хүн заяажээ. Түүний ханийг О.Машбат гэдэг бөгөөд манай шилдэг найруулагчдын нэг. Тэр хоёр “Монголжин” хэмээх кино студи байгуулсан бөгөөд Н.Батцэцэг гавъяатын тоглосон “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Жинжиймаа” , “Вансэмбэрүү”, “Сийлэн бөөр”, Мэлмий” гээд арваад кино бүтээсэн байна. Тэдний хайраас хоёр сайхан хүү мэндэлсэн нь М.Бишрэл, М.Ивээл нар юм. Хөвгүүд нь АНУ-д кино найруулагч мэргэжлээр суралцахын зэрэгцээ “Mashbat brothers film” продакшн байгуулан амжилттай ажиллаж байгаа билээ.

Тэдний амжилтанд эх эцгийн нөлөө их бий

Батцэцэг жүжигчи “Би хүүхдүүдээ бага байхад нь орхиод киноны зураг авалтанд хөдөө бишгүй л явдаг байсан. Одоо оюутны чухал он жилүүдэд нь гарын хоолоо идүүлж, тав тухтай тайван сурахад нь туслахаар нэгдсэн улсад нэлээн удлаа. Удахгүй төгсөхөөр нь  нутагтаа очино”  гэж ярих хатагтай ямархан энэрэлтэй сайн ээж болохыг илтгэнэ.

Өнгөрөгч зун түүнийг нутагтаа ирэхэд нь уулзсан сурвалжлагчийн асуултад “Айлд зочлох сайхан ч гэртээ байх бүр сайхан” гэдэг орос ардын зүйр үгээр хариулт барьсан юм.

Америкт байхдаа тэдний гэр бүл элэг нэгт монголчуудынхаа ололт амжилтыг харуулсан “Үгүйлэн санана” нэвтрүүлэг хийж үндэсний телевизээр цацаж интернетээр хүргэж байсныг үзэгчид маань андахгүй.

Түүнчлэн энэ хатагтай “Америк дахь монголчууд” ном бичиж суусан гэхээр түүний эх оронч үзэл, нутгаа санагалзсан сэтгэл нь аргагүй л цэнхэр дэлгэцээр төдийгүй амьдрал дээр ч орчин цагийн монгол хатан лугаа эх оронч үзэлтэй бүсгүй юм гэдгийг илтгэнэ.

М.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж